Wednesday, December 13, 2006

Халимаг


Ерөнхийлөгч Энхбаяр Орост айлчлах үеэр Халимагт очсон. Бид Халимаг бол манай мах цусны тасархай гээд л ярьж бичээд байх энүүхэнд, бараг л манай улстай хил залгаа Тува, Буриад нартай зэрэгцэн оршдог ухааны юм ярина. Гэтэл Халимаг маань хаа байгаа Европ тивд байдаг юм байна.

Халимаг нь тал хээр, элс толгод голчилсон 75,9 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Belgium, Denmark Switzerland, Netherlands улсуудтай ойролцоо. Зүүн өмнөд Европ-д хамаарна

Баруун талаараа Ростов, баруун хойд болон хойд талаараа Волгоград, зүүн талаараа Астрахан, урд талаараа Дагистан болон Ставропол зэрэг улс, Оросын мужуудтай хил залгаа оршдог. Каспийн тэнгистэй зүүн урд талаараа хиллэдэг.

Уртрагын 44"50 - 40"10 , өргөрөгийн 41"40 - 47"35 хооронд оршдог. Өвөлдөө дунджаар -10-аас -12хэм, зундаа +23-аас +25 хүрдэг юм байна.
Халимаг улсын нийслэл нь Elista Элиста (Элстэй гэдэг Монгол үгнээс гаралтай)
Хүн ам ойролцоогоор 310,000 хvнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дєрвєд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.

- Бид халимаг үс гээд байнга ярьдаг дэ. Баабар ахын хэлснээр бол Соёлын хувьсгалын үед Халимагаас хүмүүс авчирч Монголд ажиллуулж байсан байна. Тухайн үед Монгол эрчүүд урт урт сүлжсэн үстэй байсан. Харин Европ соёл иргэншилд эрт орсон Халимаг эрчүүд богино засуулсан үстэй байсан байна. Анх тэднийг хараад л манайхан халимаг үс гэж хэлснээр ингэж нэрлэх болсон гэдэг.

- Тал нутгийн Эскодус гээд Халимагуудын нүүдлийг харуулсан нэг өгүүллэг интэрнэт-д тавигдаж байсан. Түүнийг уншаад хамрын самсаа шархирч тэднийг ихэд өрөвдөж билээ. Удахгүй blog дээрээ тавих болноо.

Tuesday, December 12, 2006

тэр нэг муу өөдгүй жолооч...

Өчигдар орой ажлаасаа гэрлүүгээ явж байлаа. Угаасаа л Улаанбаатарт замын түгжрэл ямархуу болсныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Зогсож байтал араас нэг машин шүргээд авлаа, юу болов энээ тэрээ гээд л буухын завдалгүй хажуугаар хээв нэг давхиад өнгөрч байхийн... миний ч уур хүрч араас нь хурдаллаа... урдуур нь ороод тоормос гишгэлээ.. зогсох янз алгаа хажуугаар дайрсаар байгаад гараад явчлаа. Нэг муу excel-тэй хамаагүй ингээд байвал би л их хохирол амсах тул араас нь дагалаа. Ашгүй нөгөөх чинь улаан гэрлэн дээр очоод зогслоо. Би ч буугаад эхлээд шүргэсэн газрыг нь шалгатал хар толбо татуулаад хаясан байлаа. Машин маань цагаан өнгөтэй өнгө үзэмж гайгүй л дэ. Нөгөө машин дээр очоод "машин тэрэг шүргэчээд зугатаадаг нь ямар учиртай юм! Буугаад ир! Тэр зураасаа хар!" энээ тэрээ гэсэн чинь хаалгаа дотроосоо түгжчээд цонхныхоо завсраар "Сонин юм яриад бай! Юун зураас мураас" гээд ихэд уур хүргэлээ. Байгаа байдал харваас л хачин нөхөр байлаа. Тэссэнгүй хаалгыг нь чанга өшиглөөд хаялаа.. бууж ирдэггүй ээ... гүрийсээр байгаад ногоон гэрэл асангуут давхиад одлоо... ихэд хурдалж байна аа.. надаас зугатаагаад байгаа бололтой... миний явж буй зүгт яваад байгаа болохоор нь би яг ард нь нэг хэсэг явлаа... эргэн эргэн хараад л давхиад байх юм. Хэлэх үг ч олдсонгүй, зам саллаа. Хажууд явсан эхнэр маань айсан бололтой таг дуугай л сууж байлаа, гэнэт өөрөөсөө ичих шиг... яагаад гэвэл би уур хүрч хараалын үгийг хайр найргүй нэг хэсэг хэлээд авсан юм. Гэрийн хаалгаар орон ортол хэн хэн нь дуугарсангүй. Гэрт оронгуут л ХҮҮХЭД :) бүх зүйл мартагдаж хэвийн байдалдаа орсон до.

Ер нь бодоод байхад хотын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хөдөлгөөний соёл маш их дутагддаг. Гадны нэг хүн ирчээд манай улсад жолооч нь зам тавьж өгдөг, Монголд хэн өрссөн нь гардаг гээд л ярьж билээ. Сүүлийн үед 2 жолооч зохицож болно гээд дүрмэндээ оруулцан нь хогийн гаруудад бөөн далим болсон байх.

Wednesday, December 06, 2006

БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО

О.Дашбалбар

Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн

Би-талын хөх чоно!

Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин
Хурдан буутай эрс алах гэж занана
Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн
Араатан намайг зогсоо зайгүй мөрденө..

Байгаль намайгтөрүүлж, байдал төрхийг минь урлаж
Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!
Гэвч хүн намайг үзэн ядна, хаа явсан
Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!

Өдер бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би
Өртөе газар давхиад ч заримдаа хоосон!...
Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна!

Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдрэнэ

Хорвоо дээр би чоно болж төрөөд
Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,
Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн
Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина

Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно
Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил!
Төрөлхийн зэрлэг араншингаараа би
Төмер хавхтай хөлөө ч тас хазаж явсан !

Тамын зовлонг биеэр эдэлсэн миний
Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон !
Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар
Цаашлаад зугтсан гурван хелтэй намайг

Хүн - араатнууд тасралтгүй мөрдөж
Хүйтэн жавар дундуур машинтай элдсэн !
Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч
Энэ л удаа эрлэг намайг өршөөж
Эрэг рүү тэд тэрэгтэйгээр уналаа !...

Би-талын хөх чоно!
Биеэр минь салхи нэвт шуурч
Өл залгахын эрхэнд явсаар
Өрөөсөн хөпөө алдав ...

Элчилгүй талын араатан намайг
Зэрлэг гэж нэрлэсэн нь
Этгээд гажуу сонсогдоно
Энэрлийг мэдэхгүй хүмүүс
Надаас илүү зэрлэг!

Ад үзэгдэж
Амьд явахын зовлонг
Ясны найрагч л
Яг чоно шиг мэднэ

Буруу хэрнээ буруутанг
Бурхан тэнгэр минь өршөе!

Сайхан амьд явж чадахгүй бол
Сайхан үхэж чадах авьяас
Сарны доор яруу найрагч
Сац бас чононд л заяасан

Би-чоно!
Би хүн шиг сэтгэж
Биеэ хайрлаж, үзэн ядаж
Бас яруу найрагч шиг ганцаарднам

Намайг хэн ч үл өрөвдөнө
Нартаас үтэр тонилгохыг завдана
Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх
Буруугүй хэрнээ буруутан чоно би

Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж
Хэрчлээт уулсыгдагжтал ульж явна!...

сонголт

Хүн амьдралынхаа туршид эцэс төгсгөлгүй сонголтуудын дундуур туучдаг. Заримыг нь мэдэж сонгох, мэдэхгүй таах, таамаглаж буудах, хойшлуулах, мэддэг хүнээс тусламж авах, мэдээллийн эх үүсвэрийг ашиглах гээд л .... олон янзийн хувилбар бий. Сонголт сайн хийдэг хүн газардахгүй. Харин сонголт сайн хийдэг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Хүн сайн мэддэг юмандаа л сайн сонголт хийх учраас өргөн хэмжээний маш сайн мэдлэгтэй, дадлага туршлага сайтай, бодит байдал болон ирээдүйд гарах үр дүн хоёрыг харьцулан дүгнэж, бүхнийг сайтар төлөвлөж чаддаг байх хэрэгтэй болов уу.