Friday, September 09, 2011

Өнөөдрийн Япончуудын эмгэнэл ирээдүйн Монголчуудад давтагдах ёсгүй

 
 
Японы Осакагийн их сургуулийн багш, монголч эрдэмтэн дэд профессор, хатагтай Имаока Риоко  гуайтай уулзлаа

Ш.П-Монголчууд бидэнд нилээд эртний танил болсныг тань 90-ээд оны үед гарч байсан “Говьд өвөлжиж буй Япон бүсгүй” телевизийн сурвалжлагаас анх олж харснаа санаж байна.  Түүнээс хойш бараг хорин жил өнгөрчихжээ. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу? Одоо ямар ажлаар Монголд ирээд байна?

И.Р-Тиймээ, би анх Монголд 1989 онд Монголчууд та бүхний эртний танил профессор Онуки багштайгаа Монголд ирж Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Булган  зэрэг   аймгуудаар явж тэр үеийн ХААНэгдлийн гишүүд малчдын нийгмийн асуудлыг судалж байсан юм. 1990 оноос хойш Баянхонгор аймгийн Богд  суманд нэг айлын туслах малчнаар жил гаруйтай ажиллах үед сурвалжлагчид очиж байсан юм.   Ингэж амьдралын  төөргөөр ч гэхүү дээ Монголчуудтай хувь заяагаа холбосноос хойш нэг л мэдэхэд 20 гаруй жил болчихсон  байна шүү. Өнөөдөр  Осакагийн их сургуульд Монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа, бас монгол нөхөртэй болсон. /Инээв/. Би ер нь Монголд байнга ирдэг л дээ. Энэ удаа Олон улсын Монголч эрдэмтэдийн их хуралд илтгэл тавих бас хэдэн оюутнуудтайгаа Хөвсгөл, Баянхонгор аймагт очиж дадлага хийхээр ирээд байна. Мөн үүнээс гадна Монголд цөмийн хаягдлыг булшлах гэрээ хэлцэл хийхээр танай хэсэг бүлэг улс төрчид ихээхэн шаргуу хөөцөлдөж байгааг өнгөрсөн жилээс сонссон юм. Ингээд манай улсад цөмийн станц ажиллаж байгаа газрын иргэд болон цөмийн физикийн мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй уулзан ихээхэн сэтгэл түгшиж энэ талаар миний дотнын нөхөд жирийн монголчуудтай санаа бодлоо хуваалцах бодолтой байгаа. (“Майничи” сонины сүүлийн дугаар үзүүлэв).

-Таны “UBS” телевизэд өгсөн ярилцлагаас сонсоход өнөөдөр Японд тухайлбал Фукишимагийн орчимд байдал сайнгүй байгаа юм аа даа.

-Тиймээ, тэнд байдал тун хүнд байгаа шүү. /“DAYS JAPAN”  №8 сэтгүүл дээр тавигдсан нийтлэл болон газрын зураг үзүүлэн тайлбарлав/. Энэ орчимд хоёр сая гаруй хүн амьдардаг юм.  Чернобылийн ослын үед хуучин ЗХУ-ын засгийн газар бүх хүмүүсийг осол болсон газраас хүчээр нүүлгэн шилжүүлж байсан. Харин манай Японд өнөөдөр энэ олон хүнийг цацрагийн идэвхшилтэй бүсээс нүүлгэн шилжүүлэх үнэхээр боломжгүй гэж засгийн газар үзэж байгаа бололтой.. 12 сая хүнтэй Токиогийн дүүрэг ч цацрагт идэвхт бодисд хордож эхэлж байгааг иргэд ойлгосон. Цөмийн эрчим хүчийг ашиглахдаа ямар ч аюул, хөнөөлгүй технологи хэрэглэж байгаа талаар бидний  тархийг засгийн газар олон жил угаасандаа.   Гэтэл саяын ослын дараа Фукушимагийн энэ 1, 2-р станцад 1973 оноос буюу байгуулагдаж эхэлсэн өдрөөсөө эхлэн 140 гаруй удаа осол доголдол гарч байсан талаар энэ нийтлэлд он цагийн дарааллаар нь нийтэд гаргаж тавьсныг та харж байна.  Тэнд одоо ажиллаж буй хэдэн робот цацрагийн тархалтын зураг авах ажил л хийж чадаж байна. Өөр ямар ч ажил үүрэг хийх чадваргүй байгаа  учраас ослын газар очиж ажиллах хүн хүчний шаардлага өнөөдөр тун өндөр байна.  Өдөрт 15-хан минут ажиллуулаад 20000 иен /300 гаруй гаруй мянган төгрөг/   өгье гэсэн ч ажиллах хүн ховор байна.    Одоо хоног хугацаа өнгөрөх тусам цацрагт идэвхт бодис тархсан бүсэд амьдарч байгаа хүмүүсийн дунд ямар өвчин үүсэж эхлэхийг  хэн тааж мэдэх юм бэ. Тэр тусмаа ирээдүйн үр хүүхдүүдийн маань хувь заяа тун бүрхэг. Ийм нөхцөл байдлыг цөмийн энерги ашиглалтаараа тэргүүлдэг гэгдэх Америкийн технологиор  баригдсан АЦСтанцад гарсан ноцтой аюул Япон улсад үүсгэчихээд байхад Монголын зарим улс төрчид Америк, Японтой хамтран цөмийн хаягдал булшлах байгууламжийг Монголд барих талаар ярьж  байгааг сонсоод би үнэхээр гайхаж байна 

-Танай Япон улс АЦСтанцаас гарч байгаа хаягдлынхаа асуудлыг ер нь яаж шийдсэн байдаг вэ?

-Японд одоохондоо хоёр газар цөмийн хаягдлыг  хадгалах агуулах  туршилтын журмаар баригдаж байгаа л даа. Гэхдээ үүнийг нь орон нутгийн иргэд маш хүчтэй эсэргүүцэж байгаа учраас засгийн газар одоо нилээд хүнд байдалд орчихоод байна.  

-Монголд уран олборлох, баяжуулах, мөн анхны атомын цахилгаан станцыг 2017 оноос Монголд барьж байгуулах талаар саяхан Улаанбаатарт семинар болж Японы судлаачид сургалт явуулсан талаар та бодвол сонссон байх л даа?

-Тиймээ сонссон, Та бүхэн харин ч үүний эсрэг сургалт сурталчилгаа, хэлэлцүүлгийг олон нийтийн дунд хүчтэй явуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Би Осакагийн их сургуулийн физикч профессоруудтай уулзаж ярилцахад тэд Монголд атомын цахилгаан станц барих ямар ч боломжгүйг дараах байдлаар тайлбарлаж байсан юм.  Нэгдүгээрт,  Японд жилд 2000мм хур тундас ордог хирнээ гадаргын болоод гүний усны нөөц хүрдэггүй учраас нэг АЦС-ийн цөмийн реакторыг байнга хөргөхийн тулд далайгаас секунд тутамд долоон тонн ус шахдаг. Монголд ийм хэмжээний усны нөөц байхгүй.  Хоёрдугаарт физикчид  АЦС-ыг “нойлгүй орон сууц” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл станцаас гарах цөмийн хаягдлын асуудлыг цөмийн энергийн салбарынхан одоо хүртэл шийдэж чадаагүй тууж яваа.  Дэлхийн ураны нөөцийг өнөөдрийн хэмжээнд ашиглахад 100 жил хүрэхгүй  нөөцтэй юм билээ. Гэтэл Финляндын “Онкало” гэдэг газар баригдаж байгаа том зооринд хадгалах  цөмийн хаягдал 100 мянган жилийн дараа аюулгүй болно гэж эрдэмтэд тооцож энэ талаар баримтат кино хийснийг Японд үзүүлж байсан. Боломжтой бол “100.000 жилийн дараах аюулгүй байдал” гэсэн энэ киног та олж үзээрэй. 
 
 -Цөмийн хаягдлыг Монголд булшлах нууц гэрээ хэлцлийн талаар манай хэвлэлүүд энэ зунжин шуугицгаалаа. Таны зүгээс хамгийн сүүлийн үеийн мэдээ болгоод дуулгачихаар зүйл байна уу?

 Японы гадаад хэргийн сайд Мацүмото өнгөрсөн 7 сарын 23-ний өдөр зохион байгуулагдсан Монгол-Япон хоёр улсын албан ёсны дипломат уулзалтын талаар саяхан өгүүлэхдээ “Монгол улсын  хууль тогтоомжийн дагуу цөмийн хаягдлыг байршуулах, өөрөөр хэлбэл цөмийн хаягдлыг гадаад орноос өөрийн орны нутаг дэвсгэрт авах асуудал хүндрэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн” гэж дурьдаж байсан.
 Цөмийн станц барих, хаягдлыг Монголд булшлах асуудлыг сөхөж тавиад байгаа хүмүүсд би энэ дашрамд хандан “Энэ бол ирээдүйн Монголчуудын хувь заяаны асуудал шүү, өнөөдрийн Японы эмгэнэл Монголд хэзээ ч давтагдах ёсгүй” гэж дахин хэлмээр байна.  Монголын өргөн уудам тал нутагт нар хангалттай тусч байна, салхи өдөр бүр үлээж байна. Сэргээгдэх эрчим хүчний энэ нөөцөө зөв ашиглах юм бол Монголын цөөхөн хүн амд хангалттай юм биш үү. Мөн газрын доор нь хэдэн арван тэрбум тонн нүүрс байгаа гэсэн. Технологи, дэд бүтэц хөгжөөгүй, дээр нь усны нөөц муутай энэ оронд яагаад заавал хэдэн зуу, бүр мянган жилээр үхэл таригч ураныг олборлох, ашиглах, тэр тусмаа хаягдлыг нь Монголд булшлахаар улайран хөөцөлдөж байгаагийн цаад учрыг би одоо хүртэл ойлгохгүй байна.
Ш.Пүрэвсүрэн



   


Wednesday, June 15, 2011

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛVVД

... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...

Дорнын эртний сонгодог найргаас

"ЧИНГИС" АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН

Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй "Чингис" архи гаргаж биднийг дайллаа.
Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу "Арван тавны сар"-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү.
Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан "Чингис" архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос "Чингис" архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал "Би Монгол хүн" гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр Чингис архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

БИЕЛЭШГVЙ МЄРЄЄДЄЛ

Єнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.
Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ.
Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ. Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.
Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.
Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!
Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүн гарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Очирт Сэцэн хан, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...

ХАЗАРА МОНГОЛЧУУД БОЛ МАШ САЙН АНХ НЄХДҮҮД БАЙДАГ

Саявтархан Блүүмингтонд Сиаяда нэрт Афган эртэй танилцав. Намайг монгол гэхээр нүд нь илт сэргээд, "Ох, май бээст фрииндс - Монголиа" гэж байх юм. Хаана ийнхүү Монголчуудтай найзалж нөхөрлөчихсөнийг нь сонирхвол нутагтаа гэнэ ээ. Тэр Афганы зүүн өмнөд мужаас ирсэн, нутагт нь Хазара хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тэдгээр Хазара нар өөрсдийгөө Монгол хүмүүс гэж хэлдэг, Хазара нарын дотроос муу хүнийг хайгаад олохгүй ээ, Хазара Монголчууд бол маш сайн анд нөхдүүд байдаг, ийм хүмүүс гээд эрхийгээ гозойлгож байгаад л сэтгэл нь хөдлөн ярьж байх юм. Эндээс нэг зүйл надад их содон сонсогдсон нь тэдгээр Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол хүмүүс гэдгээ мэддэг нь, тэгэж хэлцгээдэг, бодоцгоодог нь… Сэтгэлийнх нь мухарт Монгол гэсэн нэгэн гэрэл гэгээ байгаа болоод л тэр дээ. Аль 15 дугаар зуунд Цагаадайн удмынхнаас үлдэж, хаягдсан хувь заяатнууд. Цагтаа тэр бүс нутгийг хаанчилж, эзэн шиг эзэн нь байсан л хүмүүс дээ. Тэдний хагас зарим нь Цагаадайн удмын Бабурыг даган Энэтхэгт очиж, Энэтхэгийг 3 зyуны турш захирсан хүчирхэг Их Могол гүрнийг мандуулж, Ертөнцийн 7 гайхамшигийн нэг Таж Махалыг ч хүртэл босгож л явсан даа. Даруй 5 зуун өнгөрчихсөн байхад Монголоо санасаар байдаг нь сонин бас бахархууштай, бас эмзэглүүштэй.
Сиаядагаас Хазара нарын тухай лавлахад тэд тийм олон биш, Афган хүмүүс их олон бүлэг/шашны голдуу/ болоод хоорондоо байнга тэмцэлдэж байдаг, харин Хазара нар тэдний алинд нь ч ордоггүй, тийм болохоор альных нь ч дэмжлэгийг авдаггүй, ер нь хөдөөгийн зэлүүд тосгоноор голдуу байдаг, амьдрал тийм сайн биш гэлээ. Би Хазара найз нарынхаа зургийг үзүүлээрэй гэж хүсэхэд Сиаяда Афганаас олон зураг авчруулж үзүүлэхээр амласан юм. Ирэхээр нь би бас та бүхэнд үзүүлнэ ээ.

ИШЛЭЛ АВАХАД….

Єнгөрөгч хавар Цахимөртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын "Хайлж буй дээд Монгол" хэмээх маш сайхан илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугацаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан. Бүрэн эхээр нь уншвал http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430
Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан "Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог" гэнэ. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар энд олон тайлбарын ч хэрэггүй байна.
Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ.
Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?

ТУСГААР ТОГТНОЛ БА ТЄВДVVД

Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан Төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийг зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ "I’m love you" гэдэг шиг хоёр үгийг солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Нэг өдөр оройхон очиход хэдэн Төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн байрлуулах талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол тахиралдан урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг 2 метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л… Би гадуур гарч яваад 2 цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав. Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр -Лхасаас гараад удаж байна уу? гэвэл -13 жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ. Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.
2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад "Free Tibet" гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. "Independence for Tibet’, "Honk for Tibet & US", "China out of Tibet", "Release the Panchen Lama", "Free Tenzen Delek Renboche", "Boycott China’s goods" гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтанд гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө.
Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг хйидэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагын ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсоныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л "будаа" болох юм байна л даа. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.
Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа. Яг энэ жишээ Євөр Монголчуудад ч адилхан даа.

ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ

2004 оны 2 сарын 28
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо "Hi Немо" хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.
Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.
Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.
Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.
Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.
Гэтэл хэн нэг нь "Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна" гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад "Энэ миний эх орон" хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.
Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Єнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.

Б.Номинчимэд. Даяар Монгол сониний эрхлэгч, Блүүмингтон, АНУ

Friday, January 28, 2011

Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйл

Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харах үед харамсах зүйл гаргахгүй байхаар амьдарна.
Ингэхийн тулд:
1. Би - Өөрийн авъяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр суурь олно.
2. Би - Өөрийн бие бялдрыг хөгжүүлж, “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөгө болгоно.
3. Би - Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан эд баялагийг буй болгоно.
4. Би - Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай, шударга байлгахын төлөө байна.
5. Би - Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6. Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, “Гурван цагын хэлхээс”-Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлгийг буй болгон авч явна.
7. Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч - Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8. Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай - Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9. Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.

Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч намайг үл дурсана.

Цаг хожих 10 зарчим

1.Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2.Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгзхийн хагас гэдгийг бүү март.

3.Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4.Тєлєвлєгєє, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.

5.Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.

6.Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьжтаныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.

7.Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хөрэх вэ? Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.

8.Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.

9.Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.

10.Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.

Thursday, January 20, 2011

БАЯРТАЙ - Сансар кабелийн теливиз

Эднийх муу гараад байхаар нь дуудлага өглөө. Ирж хэмжилт хийснээ танай байр далд монтажиндаа гэмтэлтэй учраас муу гараад байна. Ил утас татуулбал зүгээр болно, тэгэхгүй бол ингээл байгаад байна гэж байна. Гарах нэмэлт зардлуудыг та өөрөө төлнө, СӨХ төлдөггүй юм дө, хүмүүс өөрсдөө төлөөл байдаг юм гэж хэлж байхийн. За л гэхээс өөр хариу хэлж чадсангүй. Тэгсэн хэд хоногийн дараа утасдаад танайд хэдэн метр утас орохоор байна, зурагтнаасаа орцонд байгаа шиид хүртэл нарийн сайн хэмжээд өгөөч гэж байна. Баримжаа авах гэж байгааан байх гэж бодоод барагцаагаар 30-40метр гээл хэлчив. Тэгсэн яг хэдэв гээл байхаар нь би яаж мэддэг юмб. ер нь би яахаараа хэмжих ёстой гэж, боодол утсаа авчраад татаад илүү гарсанг нь аваад явахгүй юу гэсэн чинь.. нярав нь яг хэмжээсээр нь л өгдөг илүү дутуу өгдөггүй гэхийн... Хэрвээ дутуу хэмжээд хэлчүүл би өөрөө хэмжээгээ буруу өгсөн гээд би л мөнгөөрөө шатна. Хэрвээ илүү гаргачуул таны хэлсэн хэмжээгээр л авчирсан тул та өөрөө илүү гарсан кабелуудаа худалдаж ав гэхийн гэнээ... Ийм үйлчилгээ байдаг гэнээ гах гах.... инээд хүргэчихийн...

Баяртай Сансар Ка ТВ

Wednesday, January 19, 2011

Adblock Plus

Энэ хэрэгтэй хүндээ хэрэгтэй эд юм байна. Элдэв долоон зураг эффэкт энээ тэрээг блокдоол, компьютерийн чинь source-с тодорхой хэмжээг нөөцөлж байна гэсэн үг. Гэхдээ Firefox-н хувьд юмууда.

Sunday, January 09, 2011

Бүх юм үнэтэй

5 настай хүүгээ манай байрны 1 давхарт байдаг дэлгүүр лүү талханд гүйлгэвээ. Чи өөртөө юу авмаар байна аваарай. Гэхдээ чамд их мөнгө байхгүй учраас үнэтэй юм авч болохгүй шүү.. гээд гаргав. Удсан ч үгүй ороод ирлээ, талх аваад ороод ирж. Харин өөрөө юу ч аваагүй байна. Яагаад юм аваагүй юм бол дэлгүүр орох болгонд л ийм ч чихэр тийм ч ундаа гээл хажууд зогсож байдагсан гэж бодоод "чи яагаад өөртөө юм аваагүй билээ?" гээд асуутал харин ингэдэг байгаа "Тэнд чинь бүх юм л үнэтэй юм байна шд, тэгээд би юу ч аваагүйээ" ... инээд хүрсэн гэж... kkk