Wednesday, December 13, 2006

Халимаг


Ерөнхийлөгч Энхбаяр Орост айлчлах үеэр Халимагт очсон. Бид Халимаг бол манай мах цусны тасархай гээд л ярьж бичээд байх энүүхэнд, бараг л манай улстай хил залгаа Тува, Буриад нартай зэрэгцэн оршдог ухааны юм ярина. Гэтэл Халимаг маань хаа байгаа Европ тивд байдаг юм байна.

Халимаг нь тал хээр, элс толгод голчилсон 75,9 мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Belgium, Denmark Switzerland, Netherlands улсуудтай ойролцоо. Зүүн өмнөд Европ-д хамаарна

Баруун талаараа Ростов, баруун хойд болон хойд талаараа Волгоград, зүүн талаараа Астрахан, урд талаараа Дагистан болон Ставропол зэрэг улс, Оросын мужуудтай хил залгаа оршдог. Каспийн тэнгистэй зүүн урд талаараа хиллэдэг.

Уртрагын 44"50 - 40"10 , өргөрөгийн 41"40 - 47"35 хооронд оршдог. Өвөлдөө дунджаар -10-аас -12хэм, зундаа +23-аас +25 хүрдэг юм байна.
Халимаг улсын нийслэл нь Elista Элиста (Элстэй гэдэг Монгол үгнээс гаралтай)
Хүн ам ойролцоогоор 310,000 хvнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дєрвєд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.

- Бид халимаг үс гээд байнга ярьдаг дэ. Баабар ахын хэлснээр бол Соёлын хувьсгалын үед Халимагаас хүмүүс авчирч Монголд ажиллуулж байсан байна. Тухайн үед Монгол эрчүүд урт урт сүлжсэн үстэй байсан. Харин Европ соёл иргэншилд эрт орсон Халимаг эрчүүд богино засуулсан үстэй байсан байна. Анх тэднийг хараад л манайхан халимаг үс гэж хэлснээр ингэж нэрлэх болсон гэдэг.

- Тал нутгийн Эскодус гээд Халимагуудын нүүдлийг харуулсан нэг өгүүллэг интэрнэт-д тавигдаж байсан. Түүнийг уншаад хамрын самсаа шархирч тэднийг ихэд өрөвдөж билээ. Удахгүй blog дээрээ тавих болноо.

Tuesday, December 12, 2006

тэр нэг муу өөдгүй жолооч...

Өчигдар орой ажлаасаа гэрлүүгээ явж байлаа. Угаасаа л Улаанбаатарт замын түгжрэл ямархуу болсныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Зогсож байтал араас нэг машин шүргээд авлаа, юу болов энээ тэрээ гээд л буухын завдалгүй хажуугаар хээв нэг давхиад өнгөрч байхийн... миний ч уур хүрч араас нь хурдаллаа... урдуур нь ороод тоормос гишгэлээ.. зогсох янз алгаа хажуугаар дайрсаар байгаад гараад явчлаа. Нэг муу excel-тэй хамаагүй ингээд байвал би л их хохирол амсах тул араас нь дагалаа. Ашгүй нөгөөх чинь улаан гэрлэн дээр очоод зогслоо. Би ч буугаад эхлээд шүргэсэн газрыг нь шалгатал хар толбо татуулаад хаясан байлаа. Машин маань цагаан өнгөтэй өнгө үзэмж гайгүй л дэ. Нөгөө машин дээр очоод "машин тэрэг шүргэчээд зугатаадаг нь ямар учиртай юм! Буугаад ир! Тэр зураасаа хар!" энээ тэрээ гэсэн чинь хаалгаа дотроосоо түгжчээд цонхныхоо завсраар "Сонин юм яриад бай! Юун зураас мураас" гээд ихэд уур хүргэлээ. Байгаа байдал харваас л хачин нөхөр байлаа. Тэссэнгүй хаалгыг нь чанга өшиглөөд хаялаа.. бууж ирдэггүй ээ... гүрийсээр байгаад ногоон гэрэл асангуут давхиад одлоо... ихэд хурдалж байна аа.. надаас зугатаагаад байгаа бололтой... миний явж буй зүгт яваад байгаа болохоор нь би яг ард нь нэг хэсэг явлаа... эргэн эргэн хараад л давхиад байх юм. Хэлэх үг ч олдсонгүй, зам саллаа. Хажууд явсан эхнэр маань айсан бололтой таг дуугай л сууж байлаа, гэнэт өөрөөсөө ичих шиг... яагаад гэвэл би уур хүрч хараалын үгийг хайр найргүй нэг хэсэг хэлээд авсан юм. Гэрийн хаалгаар орон ортол хэн хэн нь дуугарсангүй. Гэрт оронгуут л ХҮҮХЭД :) бүх зүйл мартагдаж хэвийн байдалдаа орсон до.

Ер нь бодоод байхад хотын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хөдөлгөөний соёл маш их дутагддаг. Гадны нэг хүн ирчээд манай улсад жолооч нь зам тавьж өгдөг, Монголд хэн өрссөн нь гардаг гээд л ярьж билээ. Сүүлийн үед 2 жолооч зохицож болно гээд дүрмэндээ оруулцан нь хогийн гаруудад бөөн далим болсон байх.

Wednesday, December 06, 2006

БИ - ТАЛЫН ХӨХ ЧОНО

О.Дашбалбар

Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн

Би-талын хөх чоно!

Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин
Хурдан буутай эрс алах гэж занана
Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн
Араатан намайг зогсоо зайгүй мөрденө..

Байгаль намайгтөрүүлж, байдал төрхийг минь урлаж
Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!
Гэвч хүн намайг үзэн ядна, хаа явсан
Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!

Өдер бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би
Өртөе газар давхиад ч заримдаа хоосон!...
Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна!

Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдрэнэ

Хорвоо дээр би чоно болж төрөөд
Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,
Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн
Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина

Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно
Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил!
Төрөлхийн зэрлэг араншингаараа би
Төмер хавхтай хөлөө ч тас хазаж явсан !

Тамын зовлонг биеэр эдэлсэн миний
Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон !
Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар
Цаашлаад зугтсан гурван хелтэй намайг

Хүн - араатнууд тасралтгүй мөрдөж
Хүйтэн жавар дундуур машинтай элдсэн !
Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч
Энэ л удаа эрлэг намайг өршөөж
Эрэг рүү тэд тэрэгтэйгээр уналаа !...

Би-талын хөх чоно!
Биеэр минь салхи нэвт шуурч
Өл залгахын эрхэнд явсаар
Өрөөсөн хөпөө алдав ...

Элчилгүй талын араатан намайг
Зэрлэг гэж нэрлэсэн нь
Этгээд гажуу сонсогдоно
Энэрлийг мэдэхгүй хүмүүс
Надаас илүү зэрлэг!

Ад үзэгдэж
Амьд явахын зовлонг
Ясны найрагч л
Яг чоно шиг мэднэ

Буруу хэрнээ буруутанг
Бурхан тэнгэр минь өршөе!

Сайхан амьд явж чадахгүй бол
Сайхан үхэж чадах авьяас
Сарны доор яруу найрагч
Сац бас чононд л заяасан

Би-чоно!
Би хүн шиг сэтгэж
Биеэ хайрлаж, үзэн ядаж
Бас яруу найрагч шиг ганцаарднам

Намайг хэн ч үл өрөвдөнө
Нартаас үтэр тонилгохыг завдана
Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх
Буруугүй хэрнээ буруутан чоно би

Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж
Хэрчлээт уулсыгдагжтал ульж явна!...

сонголт

Хүн амьдралынхаа туршид эцэс төгсгөлгүй сонголтуудын дундуур туучдаг. Заримыг нь мэдэж сонгох, мэдэхгүй таах, таамаглаж буудах, хойшлуулах, мэддэг хүнээс тусламж авах, мэдээллийн эх үүсвэрийг ашиглах гээд л .... олон янзийн хувилбар бий. Сонголт сайн хийдэг хүн газардахгүй. Харин сонголт сайн хийдэг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Хүн сайн мэддэг юмандаа л сайн сонголт хийх учраас өргөн хэмжээний маш сайн мэдлэгтэй, дадлага туршлага сайтай, бодит байдал болон ирээдүйд гарах үр дүн хоёрыг харьцулан дүгнэж, бүхнийг сайтар төлөвлөж чаддаг байх хэрэгтэй болов уу.

Wednesday, October 11, 2006

Миний эх орон - Монголын сайхан нутаг

Өнөөдөр их сургуулийн ангийн охинтойгоо messenger-ээр холбогдлоо. Ойрд харагдаж үзэгдээгүй, энээ тэрээ гээд л жаахан юм бичилцэж байгаад Солонгост байгаа Солонгос хүнтэй сууж байгаа гэж байна... жаахан гайхлаа, дургүй ч хүрэх шиг... ганц хоёр тиймэрхүү үг хэлээд тавьчлаа. Харин урдаас "Тэгээд насаараа ганцаараа явах ёстой юм уу" гэж байхийн. Тэгэсгээд л гараад явчлаа. Ер нь би юу хэвчив дэ гэж бодлоо, өө тэгээд намайг болох болохгүй юм хэллээ гээд юу ч өөрчлөгдөх биш. Гэхдээ л тухайн үед хэлмээр санагдаад байсан юм.

Дараа нь тэр охиныг ямархуу хүүхэд байсан талаар жаахан бодлоо. Юу ч хамаагүй тоглоом шоглоомоор ганц 2 үг хэлэхэд л шууд итгэдэг, онигоо ярихад хамгийн сүүлд ойлгодог, амвдралын талаар мэдлэг муутай нэгэн байсан да. Ямар сайндаа л бэлгэвч гэдгийг мэдэхгүй, биднээс асууж элэг авах дөхдөг байлаа. Хотод өсөж төрсөн, хөдөө гэхээр л бараг зэрлэг хүмүүс амьдардаг маягийн юм ярьчих гээд байдаг нэг ёсондоо амьдрал мэдэхгүй эрх танхил, гар нь цагаан хотын охин байлаа. Манай ангийн нэг залуутай үерхэж эхэлсэн боловч тэгэсгээд салсан. Янз бүрийн уулзалт цуглаан, Есүс маягийн юманд их яваад байдаг байсан. Тэгээд Korea руу явсан. Тэгээд л тэр ...

Хүний амьдралд юу ч тааралдаж болох, хэн ч таашгүй л дэ. Гэхдээ л бодоод байхнээ тэр охин өнгө мөнгөнд хууртдаггүй юмаа гэхэд эх оронч сэтгэлгээ муутай гадныханд урвах , уусах магадлалтай ч юм шиг санагдсан. Миний буруу ч байж болох юм.

Ер нь хүүхдээ хар багаас нь төрж өссөн газар нутаг, туулж өнгөруулсан түүхийн үнэний талаар маш сайн мэдлэгтэй болгох хэрэгтэй гэж боддог. Дөрвөн хананы дундаас гарч үзээгүй, TV-ийн өмнө сууж өссөн хотын унаган хүүхэд харь нутагт очоод үзэж харсан зүйлдээ сатаарч, самуурч, уусаж, урвах магадлал өндөртэй байж болох. Харин хар багаасаа эх орон гэж юу байдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулж өгөх хэрэгтэй. Үзэсгэлэнт байгаль, уул ус, ургамал мод, ан амьтнаа харж, хүннү-ээс эхлээд Монгол үндэстний туулж ирсэн их түүхээ сайтар уншиж, эх орон гэсэн өөрийн бат суурь мэдлэгтэй болсон хүүхэд харь нутагт урвах явдал гаргахгүй байх учиртай. Битүү хашаан дотор тэжээл идэж өссөн адуу хаана ч очсон тэндээ аятайхан байгаад л байна байх. Харин тал нутаг, онгон байгаль, эх орон Монголдоо төрж өссөн адуу хаана ч очсон нутаг руугаа гүйдэг билээ.

Сүүлийн үеийн хүүхдүүдээс эх орныхоо сэдвээр асуулт асуухад маш муу үнэлгээ авч байгаа. Далайтай хамгийн ойрхон аймгийн нэр, Чингис хааны хөвгүүдийн нэрс, Хятан гэгдээд байсан хүмүүс хэн байсан, Монголчууд яагаад Мажийн дарлалд орсон, яаж яваад тусгаар улс болон үлдэж чадсан зэргийг мэдэхгүй байж Америкийн кино од хэнтэй гэрлээд салсан, ямар кино хэдэн саяын орлого олсон, billboard-н эхний 10-т ямар дуучны ямар дуу яваа, Солонгосийн serial кино-уудын тухай дэлгэрэгүй мэдээлэл зэргийн маш сайн мэдээд байгаа.

Хүүхэдтэй болж эцэг эх болох гэдэг нэг талаараа эх орон, үнтэстнийхээ өмнө том хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Монголын эх оронч үрс маш олон болтугай!

EQ + LQ > IQ ба даяаршлал

(Бажууд Б.Дөлгөөн)

Зөвхөн авъяастай төрсөн, удмын ухаантай, угийн толгойтой нэг нь амжилт гарган ажилдаа ахидаг гэсэн ойлголт түгээмэл байсан цаг өчигдөрхөн. Гэтэл тэр цаг нэг л мэдэхэд улиран одож, энэ сэтгэлгээ ч аль хэдийн хоцрогджээ.

Бүү гунь, бүү шантар: томъёо өөрчлөгдсөн

Өмнө нь хүмүүсийг дотор нь ухаалаг, ухаан муутай хэмээн ангилж, IQ гэж оюуны потециалын хэмжүүрийг хүртэл гаргаж ирэн үүнийгээ олон төрлөөр хэмжих гэж хүн төрөлхтөн олон тестүүд зохиожээ. Хүнд мэдээж гений гэх аав ээж, өвөг эцгээс өвлөж авсан эд байдаг боловч өнөөдөр энэ IQ ганцаараа юу ч биш юм. Тиймээс мунхаг тэнэг төрсөндөө толгойгоо шааж суудаг цаг өнгөрч, өнөөдөр шинэ томъёо гарч ирсэн нь EQ + LQ бөгөөд нийлбэр нь EQ + LQ > IQ юм. Нэг өгүүлбэрээр махчилж хэлбэл та сэтгэлийн тэнхээтэй бөгөөд ажилсаг бол оюуны потенциал ихтэй залхуу нэгнээс илүүтэй аж жаргалтай амьдарч чадна гэсэн үг.

LQ буюу хөдөлмөрийн хэмжүүр

LQ нь labour quotient гэдгийн товчлол бөгөөд та өөрийн эрмэлзэлдээ хэр их хөдөлмөр зардагийн шалгуур гэж хэлж болно. Гар хөдөлбөл ам тосдоно гэж Монгол ардын үг байдаг. Үнэхээр ухаантай боловч залхуу байвал боломжоо ашиглан дээшилж дэвших талаар сансны ч хэрэггүй юм. Энд хөдөлмөр гэхээр заавал хар ажилаар төлөөлүүлж ойлгох биш харин таны зорилтынхоо төлөө гаргаж буй хичээл зүтгэл, мэрийлт чармайлтыг хэлж байна. Мэдээж зохистой хөдөлмөр нэмэгдэх хэрээр “ганц тоон” дээр хувь хүний чадвар дээшилж, үндэстний хэмжээнд буюу “олон тоон дээр” бол бүтээмж нэмэгдэж, улмаар улс орны өрсөлдөх чадвар сайжирдаг.
Ажилдаа хайнга хандаж, мэргэжлээсээ түр зуур амс хийвээс л тэрний оронд ажиллах хүн Англи Америкаас байтугай Энэтхэг, Хятадаас гараад л ирнэ гэдгийг Америкийн Бродвэйн гудамж, Английн Банкны гудамжинд алхлах мэргэжилтэнгүүд бүгд мэднэ. Тийм ч учраас хормын төдий хугацааг ч үр бүтээлтэй өнгөрөөхийг бодно. Энгийн үйлдвэрийн ажилчдын хувьд ч гэсэн сэтгэлгээний өөрчлөлт бүрэлдэн бий болж эхэлж байна. Жишээ нь бидний эчнээ мэдэх IBM корпораци өмнө нь ажилчиддаа ажилд нь үлдээх баталгаа гаргаж өгдөг байсан бол харин одоо ажилчид нь эргээд IBM-дээ “би IBM–ийн шаардлагад нийцсээр байх болно” гэсэн баталгааг өгдөг болсон байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, компани нь ажилчиддаа мэдлэгийн сан руу хандах боломж олгодог харин тэр боломжийг ажилчид нь алдалгүй ашиглаж байх ёстой. Ажилчин нь өөрийнхөө чадварын дээшлүүлэхгүй л бол компани чинь чамайг авч ажиллуулах өдөр болгонд чамайг бусад олон ажилчидтай болоод гадна ажилд орно гэсэн хүмүүстэй жишиж байж ажлуулдаг болоод байгаа хэрэг.
Тиймээс ч өмнө нь хүүхдээ оройн хоолоо идэхгүй байвал “цаана чинь мянга мянган хүмүүст хоол олдохгүй өлсгөлөн явж байна шүү дээ” гэдэг байсан тэр үе ард хоцорч харин “миний хүү гэрийн даалгавраа хийхгүй бол цаана чинь чиний ирээдүйн ажлын байранд өрсөлдөхөөр хэдэн сая хүмүүс зүтгэж байна шүү” гэх үе иржээ.

EQ буюу сэтгэлийн тэнхээ

Emotion quotient-ийг товчилж EQ болгосон бөгөөд таны сэтгэлийн тэнхээ гэж хэлж болохоор юм. Яг хэрхэн яаж хэмждэгийг хэлэхэд ихээхэн нуршуу тул энгийнчлэн энд тайлбарлъя. Хүний амьдралд аливаа бэрхшээл тулгарахад хүн бүр түүндээ өөр өөрөөр хандаж, түүийгээ давж гарах арга барил нь хүртэл өөр өөр байдаг. Харин бэрхшээл тохиолдсон, асуудалтай тулгарсан үедээ хүн сэтгэлийн тэнхээтэй байх тусмаа асуудлыг хурдан шийдэж, бэрхшээлийг амар давдаг. Сэтгэлийн тэнхээ гэдэг нь хүнд төрөхөөс заяасан мэт ойлгогдох боловч уг ёсондоо бол хүний өдөр тутмын бэлтгэл, амьдралын зам мөрөөс шалтгаалдаг юм.
Америкийн АйВи Лигид багтдаг, номер нэгд тооцогддог коллежуудаас компани, корпорациуд ажилчин авахдаа дуртай байдаг. Энэ нь нэг талаар эдгээр коллежуудад багшилж байгаа багш нар сайн байдгаас шалтгаалах боловч нөгөө талаар оюутнууд нь тухайн компаниудын илүүтэйгээр сонирхон тавьдаг шалгуур болох ачаалал, стрессийг даван гарч чаддаг чадвартай болчихсон, түүнд бэлтгэгдчихсэн байдаг байна. Нэг ёсондоо их сургуульд сурж буй дөрвөн жилд мэргэжлээрээ сурахаас гадна ирээдүйд ажлын ачааллаас үүдэх сэтгэлийн хямралыг давах чадвараа дээшлүүлж байгаа явдал юм. Хийж буй ажиллдаа, хичээллэж буй номондоо сонирхолтой байх тусам хүн илүүтэйгээр хичээж тэр хэмжээгээр хөгжиж, мэдлэг нь нэмэгдэж байдаг. Мэргэжил бүхэн гоё гэдэг шиг аливаа ажилд сонирхолтой бөгөөд суралцах юм их бий. Гэхдээ ямарваа нэг ажлыг эхлэхэд л хамгийн хэцүү байдаг юм. Мэс заслын эмч болох хүн заавал ч үгүй толгой эргэм химийн томъёоны дунд эхний хоёр гурван жилийг элээж байж л цааш өөрийн сонирхож, дурлаж явдаг мэс засалдаа мэргэшинэ. Сэтгэлийн тэнхээ гээч ид шид хүнд заяахаас гадна хүн өөрөө өөрийгөө түүнд бэлтгэж, түүнд суралцаж болдог ажээ. Нэг жишээ авахад Грект болсон Афины олимпын 8 хүнтэй завьны төрөлд оролцсон Америкийн багийн гишүүд бүгд бие бялдарын болоод сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэйгээр оролцож дэлхийн рекордыг эвдэж Гинессийн номонд бичигджээ. Ганцхан бие бялдарын хөгжилөөр шалгагдах байсан бол Герман, Английн гээд эн тэнцэхүйц багууд энд олон байсан юм.

Боломж

Даяаршлын энэ үед боломж хэзээ язааныхаас илүүтэй байна. Хэрвээ таны комъпютер интернэт-д холбогдсон бол та байгуулгынхаа баланс-г яаж гаргахаас авахуулаад гэрийн нөхцөлд тэсрэх бөмбөг хүртэл яаж хийхийг мэдэж болно. Таныг би гранат хийж тэсэл гэж байгаа хэрэг биш харин Интернет гэдэг мэдээллийн сангаас олдохгүй юм үгүй болсныг л хэлэх гэсэн юм. Үүнийг ашиглаж л чадвал, гарч буй өөрчилтийг мэдэрч л сурвал даяаршлын давалгаанд бид алзахгүй ээ. Гэвч залуу хүний амьдралд олон бэрхшээл тохиолдож болно. Сэтгэл санааны, санхүүгийн гээд олон дарамт учирч л байдаг. Үүнийг даван гарч боломжийг ашиглахад хүч хөдөлмөр, сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Дүгнэлтийн оронд Софтбанк компаний ерөнхий захирал Сон Масаёшигиийн 2004 онд NHK-р хэлсэн үгийг энд дамжуулая гэж бодлоо. Тэрээр “...Залуус минь, бэрхшээлгүй юм гэж байхгүй бөгөөд юм хийе гэсэн хүн заавал хана мөргөх хэрэгтэй болдог. Мөргөсөн ханаа даваад гардаг, гэвч дахиад л хана мөргөдөг. Харин нэг мэдэхэд мөргөх хана намсаад ирэхийг, хамгийн гол нь чи өөрөө өөрчлөгдөөд ирэхийг мэдэх болно...” гэсэн билээ.

Friday, September 08, 2006

Google-ийн нэрний талаар

Саяхан найздаа туслах үүднээс шинэ компаний нэр бодож олох хэрэгтэй боллоо. Тэгээд л зарим нэг томоохон нэрд гарсан компаниудийн нэрийг сонирхлоо. Google гэх нэрний талаар харлаа.10-ийн 100 зэрэгтийг Googol гэдэг, харин 10-ийн googol зэрэгтийг Googolplex гэдэг юм байна. Тэгэхээр Googol-ийг Google болгосон юм болуу эсвэл Googolplex-ийг Google болгосон юм болуу. Энэ 2 хувилбарын нэг нь байх гэж таамаглав. Ерөнхийдөө л маш их тоог илэрхийлсэн бололтой.
Харин манайхан 10-ийн 68 зэрэгт хавьцаагаар илэрхийлэгдэх Сэтгэшгүй, Тоолошгүй .. гэх мэт маш урт тоог нэрлэсэн байдаг. Юутай ч манайхан дэлхийд хамгийн их тоог нэрлээгүй бололтой. Урьд нь бид нар шиг олон оронтой тоог мэддэг,нэрлэдэг ард түмэн байхгүй мэтээр ойлгож явсан маань эндүүрэл болжээ гэдгийг мэдлээ.

Wednesday, July 19, 2006

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ

Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Дархан манай тусгаар улс
Даяар даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай