Wednesday, October 17, 2012

БУРХАД ХААЧИВ. IT-ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРИН ҮЕИЙН ХАЛААГ АВЧ БАЙНА

 

IT үйлдвэрлэл эрин үеийн халааг авч хуучин аваргууд “Sony”, “Nokia”, “RIM” нар хүндэтгэлийн тавцангаасаа хальж эхлэв. Үйлдвэрлэлийн шинэ ноёд “Apple”, “Samsung” ба Тайваны үйлдвэрлэгчид гарч ирлээ. Дөнгөж 10 жилийн өмнө “Mercedes-Benz”, “BMW” компаниуд өөрсдийн автомашиныг орон нутгийн үүрэн холбооны “Nokia”, “Motorola” утсаар тоноглодог байсан өнөөдөр автомашины үйлдвэрлэгч компаниуд өөрийн тэргүүний загваруудын жолоодлогын системд “Apple”-ийн “iPhone” утсыг хослуулан тавьж байна.
Хэдэн арван жилийн турш “сайн зурагт” гэдэг үг “Sony” компанийн бүтээгдэхүүн гэж ойлгогддог байлаа. Харин одоо тив дэлхийн цахилгаан барааны дэлгүүрийн худалдагчид худалдан авагчдын шаардлагад нийцсэн зурагт бол “Samsung” гэж зөвлөдөг болжээ. Ерөөсөө тавхан жилийн өмнө ажил хэрэгч хүмүүсийн чухал яриа хэлэлцээрийн үеэр ёслолын костюм зангиа шиг зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг нь “Sony”, “Dell”, “HP” зэрэг нөөтбүүк байлаа. Гэтэл өнөөдөр өөрийн имиждээ анхаарал тавьдаг бизнесменүүд “Apple”, “Asus”, “Acer” нөөтбүүк хэрэглэдэг болсон байна.
Тэргүүлэгчдийн солих процесс 2000-аад оны 2-р хагасаас эхэлсэн бөгөөд одоо ид дундаа явж байгааг, шинжээчид ахуйн хэрэглээний цахилгаан барааны түүхэнд хувьсгал хийсэн үе гэж нэрлэв. Бодоод үзэцгэе л дээ,  зарим компани тухайлбал “Nokia” болон “RIM” (“BlackBerry” утас үйлдвэрлэдэг) компаниуд хоёрхон жилийн дотор үнэлэмжийнхээ 90%-ийг алдлаа. Энэ бол хэдэн зуун тэрбум ам.доллар гэж Америкийн санхүүгийн шинжээч Ларс Блосферлд ярьж байна. Гэтэл “Apple” нефтийн болон металлургийн аваргуудыг ардаа орхин дэлхийн хамгийн үнэтэй компани болов.
Экспертүүдийн үзэж байгаагаар амжилтын баталгаа нь аливаад үнэнч явдал юм. Гэхдээ “Apple” шиг юм бүхнийг өөрөө зохион бүтээх санаачлах шаардлагагүй гэж техно-блоггер марк Стил үзэж байна. Зарим үед тэргүүлэх гэвэл Азийн тэргүүлэх үйлдвэрүүд шиг нэрд гарсан трендүүдийг цаг үеийг нь олж дагахад хангалттай байдаг юм.
IT үйлдвэрлэлийн агуу их өөрчлөлт нь энэ оны зун “Nokia”-гийн хувьцаа түүхэн доод цэгтээ очиход компани “Skype”, “NTC” ба “Sony”-оос хямдарч их хэмжээний алдагдалд орж байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Харин “Samsung” дэлхийн хэмжээний смартфоны томоохон үйлдвэрлэгчийн тоонд албан ёсоор оров.
Баримт №1 Ухаалаг гар утас зохион бүтээсэн нь
2007 оны 1-р сард дэлхийн хэвлэл мэдээллийнхэн тэр чигээрээ Лас-Вегаст болж байгаа өргөн хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн рүү хошуурцгаав. Сэтгүүлчид “Windows”-ын шинэ хувилбарын тухай хайш яйш ярилцан, “Nokia” компанийн ээлжит шинэ гар утасны танилцуулгыг залхуутайяа сонсоцгооно.
Харин Сан-Францискод “iPhone” ухаалаг гар утасны нээлтийн ажиллагаа болоход зах зээл гэнэт цагийн дотор тэсрэх мэт болов. “Apple” компанийн тэргүүн Стив Жобс дөнгөж сая шинээр зохион бүтээсэн смартфоноо өөрийн хэвшсэн маягаар сүр дуулиантай танилцуулж эхлэв. Тэр үед Стив Жобс хожим хай-тек үйлдвэрлэлийг тэслэх болсон бүтээгдэхүүнээ бүтэн цаг гаран тайлбарлаж үзүүлэв.
Анхны “iPhone” тийм ч төгс эд биш байв. Уг бүтээгдэхүүнд смартфон ба ердийн гар утсанд байдаг энгийн үйлдлийн функциуд алга байлаа. Жишээ нь файлуудыг “Bluetooth” руу шилжүүлэх, хуулбарлах, оруулах гэх мэт. Харин “iPhone”-д цахим хуудас үзэх веб хөтөч, маш эвтэйхэн mp3 player, мэдээж хэрэг гол дэвшил хувьсгал болсон мэдрэгч дэлгэц бүхий интерфэйс бий.
Өрсөлдөгчид энэ бүх “аюулыг” анзаарахгүй байхыг илүүд үзсэн юм. Хэвлэлийнхэн “Microsoft”-ын Стив Балмерын үл тоомсорлосон тайлбарыг шүүрэн авч цацлаа. Тэр “iPhone” нь завсрын бүтээгдэхүүн болох ба дөнгөн данган 3%-д хүрэх биз гэж хэлээд “iPhone”-ийн гол доголдол нь Балмерын үзэж байгаагаар ашиглалтын товчлуур байхгүй бас бизнесийн хүрээнийхний функц огт байхгүй гэж гоочилж байжээ. Төсөөтэй санаа, гомдлыг “RIM”-ын Майкл Лазаридис “Биет товчлуурын даруул нь үйлдвэрлэлийн алтан стандарт байсан ба байсаар ч байх болно” гэж хэлж байжээ. Мөн тэр үед “Nokia” компанийн тэргүүн Олли-Пекка Калласвуо “Үйлдвэрлэлийн стандарт гэх бидний хийж байгаа зүйлийг л хэлнэ” гэж хошуу нэмэрлэж байв.
Харин энэ бүхэн төгсгөлийн эхлэл байлаа. Зах зээлд тэргүүлэгч “Nokia”-гийн байр суурь тэр үед ганхашгүй мэт (зах зээлийн 35%-ийг эзэлж байв) байсан нь компанийн удирдлагыг гялбуулж байв. Финляндчуудын хийсэн анхны мэдрэгч дэлгэцтэй загвар болох “Nokia 5800” дөнгөж 2008 оны сүүлээр худалдаанд гарч ирэхэд “Apple” компанийн “iPhone”-ийн хоёр дахь үе дэлхий нийтийг байлдан дагуулсаар, Өмнөд Солонгос, Тайваны үйлдвэрлэгчид энэ чиглэлээр тууштай ажиллаж байв. 2009 онд үйлдвэрлэсэн, түүчээ болж “Nokia”-гийн нэр хүнд, алдсан байр суурийг эргүүлэн авчирна гэж найдаж байсан №97 загвар бүрэн уналтаар дуусав.
Компани шинэ систем болох “Maemo”-д найдвар тавьж байсан ч дэлхийн зах зээлд ердөө 100 мянган ширхэг зарагдсан №900 гэх цорын ганц загвараас хэтэрсэнгүй. Дараа нь “Nokia” компани “Maemo” системээс татгалзан шинэ үйлдлийн систем “MeeGo”-г “Intel” компанитай хамтран боловсруулахаа зарлав. Удалгүй энэ эхлэл нь ч бас булшиндаа оржээ. Финляндийн “Nokia” компанийн түүхэнд анх удаа Калласвуогийн оронд залуурчийн албанд гадаад хүн “Microsoft”-ын ажилтан Стивен Элоп зүтгэх болов. Мөн “Apple”-ийн топ-менежер байсан “BeOS” үйлдлийн ситемийг зохиосон Жан-Луи Гассег “Nokia” орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж, тэр Филяндчуудад одоо хүчээ аваад байгаа “Google”-ийн андройдтой нийлэхийг зөвлөв. Үүнийгээ тэр амжилт олж болох цорын ганц боломж гэж үзэж байсан боловч Стивен Элоп “Windows Phone”-ийг сонголоо. Одоо “Nokia” компани энэ тавцан дээр хошуучлагч болж “Microsoft”-той хамтран “Apple” ба “Google”-ийг гүйцэхийг эрмэлзэж байгаа ч амжилтгүй л явна. “iPhone” гарч ирсэн 2007 оны дунд үеэс 2012 оны 6-р сар хүрэх хугацаанд “Nokia” компани 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж өөрийн үнэлэлтийн 94%-ийг зарцуулжээ. Эдгээр тоо баримтуудыг нийтлэгдсэний дараа зарим шинжээчид Грек улсын эдийн засгийг хямралаас гаргахад үүнээс бага (130 тэрбум ам.доллар) мөнгө шаардлагатай байгааг харамсан дурсаж байлаа.
Өнөөдөр Жан-Луи Гассегийн үзэж байгаагаар “Nokia” компани ерөнхийлөгч Стивен Элопыг сольж захирлуудын зөвлөлд гар утасны үйлдвэрлэлийг ойлгодог хүмүүсийг тавих хэрэгтэй гэнэ. Харин “Nokia” энэ талаар элдэв тайлбараас зайлсхийж байна. Тухайлбал танай компани зах зээлийн оргилд яаж гарах төлөвлөгөөтэй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт хэлэлгүй дүйвүүлэн өнгөрөөжээ.
Канадын “RIM” компани эхэн үедээ “iPhone”-ийн сөрөг нөлөөг бага мэдэрч байлаа. Гэрээгээр хамгаалагдсан И-мэйл үйлчилгээ, хэрэглэгчдийн үзэж байгаагаар ашиглахад хялбар даралтад товчлуурын систем зэрэг нь “iPhone” –оос давуу талтай байлаа. Гэхдээ л “BlackBerry”-гийн зах зээлд эзлэх байр суурь багассаар байлаа. Тэдний мэдрэгч дэлгэцтэй шинэ загваруудыг үйлдвэрлэх оролдлого амжилт олсонгүй.
“BlackBerry”-гийн хөрвөх чадварын нөөц удаан үргэлжилсэнгүй. 2012 оны зун “RIM” компани уналт сүйрлийн хэмжээнд хүрч сүүлийн 2 жилд компани үнэлэмжийнхээ 87% буюу 35 тэрбум ам.доллар алджээ. Хуучирсан үйлдлийн системийг ухаалаг гар утасны шинэ мэдрэгч дэлгэцтэй утасны систем болгон засварлах оролдлого хийнэ гэж мэдэгдсэнийг энэ салбарын мэргэжилтнүүд толгой сэгсрэн жуумалзаж байв. Харин системийн дараагийн хувилбарыг 2013 он хүртэл хойшлуулав. Арай оройтох юм биш үү гэж “DZ NET” технологийн портал сайтын тоймч Ларри Дигнан ёжлон тэр үед “iOS” болон “Android” өрсөлдөгчдөөсөө бараа сураггүй тасарсан байх биз гэлээ.
Америкийн “Apple” компанитай зэрэгцэн зах зээлийн 20%-ийг эзэлж түүнээсээ 80%-ийн ашиг хийж, “Nokia” ба “RIM”-ийн уналтаас хонжоо олж байгаа нэг компани бий. Энэ бол “Samsung Electronics” компани юм. Тус компанийн ерөнхийлөгч Юнгчул Парк нэгэн ярилцлагадаа “Galaxy S төрлийн утаснуудын эхний хоёр загвар нь нийт 30 сая ширхэг зарагдсан” гэжээ. Харин гурав дахь загварын борлуулалт чих дөжрүүлэх нээ. Паркийн үгээр бол “Galaxy S III” урас 6-р сард нээлтээ хийснээсээ хойш 30 сая ширхэг зарагдаад байгаа аж. Парк өөрийн компанийн амжилтыг хэдэн үзүүлэлтээр тайлбарлаж байна. Эдгээрээс хамгийн чухал нь шинэ загварыг зах зээлд гаргах хурд, шинэ загваруудын өрдөг сонголт, үнийн олон хувилбар зэрэг болно.
Энэ байдал нь смартфоны нэг загвараа л жил бүр шинэчлэн гаргаж байдаг “Apple”-аас тэс өөр эсрэг үйл ажиллагаа ажээ. Гэвч ерөнхий дүр зураг нь өөрийн гэсэн зүй тогтолтой юм. Зах зээлд оролцож байгаа хоёр голлох компани хэдийгээр өөр хандлагатай болов ч хэрэглэгчдийн дийлэнх хэсгийг хаман авч чадсан юм. Үлдсэн компаниудад өрөвдөлтэй өвдөл цөвдөл л үлдээжээ.
Баримт №2 Нөөтбүүкийн шинэчлэл
Жобс “iPhone”-ийг нэвтрүүлснээс хойш жилийн дараа IT үйлдвэрлэлийн хүчээ хуваарилах өөр нэг бүтээгдэхүүнтэй болсон нь “Mac Book Air” нөөтбүүк байлаа. 1.2 кг жинтэй 19 мм зузаантай 13 инчийн дэлгэцтэй, бүрэн хэмжээний даралтын товчлууртайгаар гарсан нь урьд өмнө сонсогдоогүй зүйл байлаа.
Уламжлал болсон DVD дамжуулагч байхгүй байгааг Жобс технологи нь хоцрогдсон гэж хялбархан тайлбарлаад, хөгжим болон видеог интернетээс үзэж сонсож болно гэв. Тэгээд цаашаа байдал яг л “iPhone”-д тохиолдсон шиг юм болов. Өрсөлдөгчид нь хөх инээдээ барьж чадахгүй, DVD байхгүй 1500 ам.долларын үнэтэй хэнд хэрэгтэй юм бэ гэцгээж байв. Зарим шинжээчид “Air”-ийг “шар хүүхнүүдийн нөөтбүүк” гэж нэрлэсэн нь иймэрхүү гажиг юмыг техникийн мэдлэг муутай “Apple”-ийн зар сурталчилгааны ов мэхэнд автамхай хүмүүс л сонирхоно гэж егөөдсөн хэрэг байлаа. (“APPLE”-ИЙГ АВАРСАН “ТHINK DIFFERENT”-ЫН БҮТСЭН ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ)
Анхандаа “Air”-ийг зарж эхлэхэд сэтгэл татмаар гойд юм байгаагүй боловч 2010 онд борлуулат өссөний дараа л өрсөлдөгчид нь хөдөлж эхэллээ. Жобс зөвхөн DVD тоглуулагчаас татгалзаад зогссонгүй уламжлал болсон хатуу дискийг сольж флеш хураагууртай болголоо. Тэр түүнчлэн 11 инчийн бага оврын загварыг 999 ам.доллараар худалдаанд гарсан нь амжилттай борлуулагдаж байв.
“Энэ бол миний барьж үзсэн нөөтбүүкийн хамгийн сайн нь” гэж “ZD Net”-ийн тоймч Жоэл Эванс бахархан тэмдэглэжээ. Энэ үнэлэлтийг бусад бусад шинжээчдийн “Air”-ийг магтан дөвийлгөсөн гуншингуудаас хамгийн аядуу нь гэж нэрлэж болно. Өнөөдөр мэргэжилтнүүд “Air”-ийг нөөтбүүкийн үйлдвэрлэлд хувьсгал хийсэн гэж ам нийлэн магтаж байна. Анхны цохилт олон жилийн турш салбартаа чанарын стандарт болж байсан “Sony”-ийн нөөтбүүкт ирэв. Америкийн зах зээлд хүчтэй байр суурь эзлэж байсан “Dell” ба “HP” ч хөгжил дэвшлийн замын хажууд хаягдав.
Харин “Samsung” хурдан сэхээ авснаараа энэ удаа аврагдлаа. Олон талаараа “Air” загвараас дутахааргүй нөтбүүкийг үйлдвэрлэж эхлэв. Харин дараа нь ултрабүүкийн (хэт нимгэн) эрин эхлэв. “Air”-тай төстэй загвараар хийгдсэн мөн л DVD тоглуулагч, “Windows”-аар ажилладаг нөөтбүүкийн суурь дээр угсарсан нөөтбүүкийг “Intel” компани ультрабүүк гэж нэрлэжээ. Өнөөдөр ультрабүүкийг зах зээлийн бараг бүх үйлдвэрлэгчид үйлдвэрлэж байгаа боловч, анхны сэтгэлд хоногшсон амжилтыг Тайваны компаниуд олжээ.
Олон тоймчид өнөөдөр “Asus”-ын “Zenbook” загваруудыг “Apple”-ын “Air”-ээс дутахааргүй болсон гэж үзэцгээдэг. “PC Word”-ийн тоймч Элиас Пластирас “Их бие нь металл хатуулагтай, дизайны хувьд хөнгөн, нимгэн, өндөр бүтээмжтэй” гэж хэлсэн байдаг. “Asus” тухай үедээ нэтбүүкийн чиглэлийн үндэслэгч болж байсан болохоор ультрабүүкийн гараан дээр бусдаас илүү ашигтай байлаа. Шинэ загваруудын ажлын бүтээмж, дизайн нь олон хүнд таалагдав.
Одоо ультрабүүкийг “Asus”-ын гол өрсөлдөгч “Acer”-аас аваад “HP” ба “Dell” хүртэл үйлдвэрлэж алдсан нэр хүнд, манлайллаа эргүүлж олохыг чармайцгааж байна. Харин “Sony” бараг бүхнээс илүү шаналж байгаа бөгөөд нэгэн цагт зах зээлд өнөөгийн “Apple”-ийн суурийг эзэлж байсан тэд энэ оны санхүүгийн жилд 6.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээснийг “Tech Crunch”-ийн тоймч Жон Биггс иш татаж байна. Дээр нь нэрмээс болж бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 10 мянган ажилтнаа халлаа.
Энэ бүх азгүйтэлд гурван үндсэн үзүүлэлтийн буруу байна гэж Стигл ярьж байна. Эхлээд “Apple” хөгжмийн зах зээлийг “Sony”-гаас булааж “iPod” нэвтэрсний дараа онлайнаар хөгжмийн арилжаа хийж эхлэв. Дараа нь “Samsung” зурагт үйлдвэрлэлийн чанараар цойлон гарч олон жилийн турш ноёрхож байсан зах зээлд манлайлагч боллоо. Хожим нь нэгэн цагт тахин шүтэгдэх байсан “Sony Vaio” нөөтбүүк хөгжил дэвшлийн баян ходоод боллоо.
“Хэрэв гурван хөлтэй сандлын нэг хөл нь үнэ, нөгөө нь нэр хүнд, харин гурав дахь нь зах зээлд эзлэх хувь гэж төсөөлөн бодвол “Sony” компани өнөөдөр ганц хөлгүй болжээ” гэж Биггс дүгнэсэн юм.
Баримт №3 Таблетын үүсэл
2010 оны 1-р сард Жобс өөрийн сүүлчийн их хэргийг бүтээв. Энэ нь “iPad” таблет юм. Бусад олон тохиолдолд байсан шигээ Жобс шинэ санааг үүсгэн хэрэгжүүлэгчээр биш өнгөлөн сайжруулагчаар оролцов. “Microsoft”-ынхон удаан хугаацаанд таблеттай зууралдсан боловч ганц ч олигтой төхөөрөмж гаргаж авч чадсангүй. Харин “iPad” шууд л хит болж “Apple”-ийг дэлхийн хамгийн үнэтэй компанийн зэрэгт аваачив. Хоёр жилийн хугацаанд “iPad” нь “Apple”-ийн бусад амжилттай бүтээгдэхүүний хамт “Apple”-ийн хувьцааг тэнгэрт хадааж, 2012 онд зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.долларын босгыг давав.
Ингээд түүхэнд анх удаа дэлхийд хамгийн үнэтэй компаниар, өндөр технологийн салбарын компани тодров. Шинжээчдийн ярьж байгаагаар “Samsung”, “Nokia”, “HTC”, “RIM”, “Motorola”, “Sony”-ийн хөрөнгө нийлээд ч “Apple”-ийн хөрөнгийн хагасаас бага байна.
“iPad”-ын үүрэг роль зөвхөн амжилтаар хязгаарлагдахгүй, IT үйлдвэрлэлийн хувьд анхны “Macintosh”, анхны плеер “Sony Walkman” шиг бүр тэднээс ч дутуугүй эрин зууны ололт боллоо гэж Стигл ярьдаг юм. “iPad”-ийг амжилттай хэрэгжүүлэх өрсөлдөөнд туугдсан бусад үйлдвэрлэгчид таблетийн бүхэл бүтэн салбар үүссэн нь нөөтбүүк ба нэтбүүкийг зах зээлд ноцтой цохилт өгөв. Дахиад л “Sony” болон бусад үйлдвэрлэгчид шуурхай хөдөлж чадалгүй сүүл барин “Apple”-ийн ард хоцров. Харин өнөө л “Samsung” болон “Asus” бусдаас арай илүү хариуг “iPad”-ад барив. Өмнөд Солонгосын “Samsung” компани “iPad”-ын хүчтэй өрсөлдөгч болсон андройд үйлдлийн системд суурилсан “Galaxy Tab” үйлдвэрлэж эхлэв. Харин “Asus” арай өөрөөр өрт нь залгадаг док-станцтайгаар үйлдвэрлэсэн.
“Samsung” ч бас шинэ гарц олохыг эрмэлзэв. 2011 оны намар “Galaxy Note”-ийг гаргасан нь шинжээчдийг асуудалд оруулав. 5.3 инчийн өргөнтэй дэлгэц бүхий ухаалаг гар утас шинэ салбарыг бий болгосон гэж Парк ярьдаг. “Galaxy Note” маш хурдтай зарагдаж, эхний хэдэн сард 10 сая ширхэг борлогджээ.
Тэгвэл “Nokia” компани өдий хугацаанд дөнгөж 2 сая гаруйхан “Lumia” загварын утас борлуулсан үзүүлэлттэй байна. “Nokia” компани ОХУ дахь нэрийн барааны сүлжээ дэлгүүрүүдээсээ (40 гаруй салбар) татгалзсан бөгөөд одоо түүнийг нь “Samsung” худалдан авч ажиллуулж байна гэж Оросын тоймч Эльдар Муртазин уарьж байна. Энэ бол шатраар шаг, мад гэж тэр дүгнэжээ.
Давхар сэлгээ
Сүүлийн таван жилд IT -ийн үйлдвэрлэлд томоохон хувьсгал гарлаа. Хуучин аврагууд жирийн хэрэглэгчдийн хэрэглээг илүү мэдэрдэг компаниудад сөгдөн унажээ.
“Apple” Амжилтын түүх: 2000-аад оны II хагасаас эхэлсэн бөгөөд өдгөө манлайлагч болон явж байна. Гол бүтээгдэхүүн нь: “iPhone”, “MacBook Air”, “iPad”.  Өөрийн зах зээлийн салбартаа хувьсгал хийж өрсөлдөгчдөө өөрийн стратегийг өөрчлөхөд хүргэв. Эцэст нь “Apple” дэлхийн хамгийн үнэтэй компани гэсэн алдрыг хүртжээ.
“Nokia” Уналтын түүх: Нэгэн цагт үүрэн утасны үйлдвэрлэлийн манлайлагч байсан. “Apple”-ийн хийсэн хувьсгалд адил тэнцүү хандаж чадаагүйгээс арай эрч хүчтэй “Samsung” болон “Google”-д байр сууриа тавьж өгсөн. Өнөөдрийн гол бүтээгдэхүүн нь: “Lumia” загварын утаснууд.
“Sony” Уналтын түүх: Аравхан жилийн өмнө зах зээлд одоогийн “Apple”-ийн эзэлж байгаа технологийн бурхны суудалд заларч байсан Японы компани. “Sony” өнөөдөр зах зээлийн ихэнх салбарт сайндаа л дунд зэргийн тогтогчийн төвшинд явна. Өнөөгийн гол бүтээгдэхүүн нь: “Cyber Shot” зургийн аппарат, “Bravia” загварын зурагт, “Vaio” нөөтбүүк, “Xperia” загварын смартфон.
“Samsung” Амжилтын түүх: Компани арваадхан жилийн өмнө гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэдэг жирийн л дундаж компанийн байрнаас эрчимтэй урагшилж IT үйлдвэрлэлийн аваргуудын нэг болон технологийн тэргүүлэгч “Apple”-тай ана мана, энэ тэнцүү өрсөлдөж байна. Өнөөдрийн голлох бүтээгдэхүүн нь: өргөн сонголттой LCD, LED зурагтууд, “Galaxy S” загварын ухаалаг утаснууд, “Galaxy Tab” таблет.
“Asus” Амжилтын түүх: Тайваны олон үйлдвэрлэгчдийн дундаас хамгийн сайн чанарын технологитойгоороо өөрийгөө таниулсан. Нэтбүүк ба ультрабүүкийн нэртэй загварын магнайд байгаа бөгөөд өнөөдөр таблетын өвөрмөц загваруудыг үйлдвэрлэн гаргаж таблетын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Гол нэрийн бүтээгдэхүүн нь: “TF300”, “TF700” загварын таблет, “UX21A”, “UX31A” ультрабүүк.
“RIM” Уналтын түүх: Компанийн үндсэн бүтээгдэхүүн болох “BlackBerry” смартфонууд олон жилийн турш АНУ ба Баруун Европын бизнесийн соёлын салшгүй хэсэг болж байлаа. Компани “iPhone”-ын зүгээс гарч байгаа заналхийлэлийг цагт нь олж харалгүй, мөн илүү эвтэй илүү баян үйлдлийн систем болох андройдыг анзаараагүйгээс хэрэглэгчид нь “BlackBerry”-ээс нүүр бууруулав. Өнөөдрийн голлох бүтээгдэхүүн нь: “BlackBerry Bold”, “BlackBerry Touch”.

Орчуулсан: Ж.БАДАРЧ

эх сурвалж: businessnews.mn