Friday, September 09, 2011

Өнөөдрийн Япончуудын эмгэнэл ирээдүйн Монголчуудад давтагдах ёсгүй

 
 
Японы Осакагийн их сургуулийн багш, монголч эрдэмтэн дэд профессор, хатагтай Имаока Риоко  гуайтай уулзлаа

Ш.П-Монголчууд бидэнд нилээд эртний танил болсныг тань 90-ээд оны үед гарч байсан “Говьд өвөлжиж буй Япон бүсгүй” телевизийн сурвалжлагаас анх олж харснаа санаж байна.  Түүнээс хойш бараг хорин жил өнгөрчихжээ. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу? Одоо ямар ажлаар Монголд ирээд байна?

И.Р-Тиймээ, би анх Монголд 1989 онд Монголчууд та бүхний эртний танил профессор Онуки багштайгаа Монголд ирж Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Булган  зэрэг   аймгуудаар явж тэр үеийн ХААНэгдлийн гишүүд малчдын нийгмийн асуудлыг судалж байсан юм. 1990 оноос хойш Баянхонгор аймгийн Богд  суманд нэг айлын туслах малчнаар жил гаруйтай ажиллах үед сурвалжлагчид очиж байсан юм.   Ингэж амьдралын  төөргөөр ч гэхүү дээ Монголчуудтай хувь заяагаа холбосноос хойш нэг л мэдэхэд 20 гаруй жил болчихсон  байна шүү. Өнөөдөр  Осакагийн их сургуульд Монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа, бас монгол нөхөртэй болсон. /Инээв/. Би ер нь Монголд байнга ирдэг л дээ. Энэ удаа Олон улсын Монголч эрдэмтэдийн их хуралд илтгэл тавих бас хэдэн оюутнуудтайгаа Хөвсгөл, Баянхонгор аймагт очиж дадлага хийхээр ирээд байна. Мөн үүнээс гадна Монголд цөмийн хаягдлыг булшлах гэрээ хэлцэл хийхээр танай хэсэг бүлэг улс төрчид ихээхэн шаргуу хөөцөлдөж байгааг өнгөрсөн жилээс сонссон юм. Ингээд манай улсад цөмийн станц ажиллаж байгаа газрын иргэд болон цөмийн физикийн мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй уулзан ихээхэн сэтгэл түгшиж энэ талаар миний дотнын нөхөд жирийн монголчуудтай санаа бодлоо хуваалцах бодолтой байгаа. (“Майничи” сонины сүүлийн дугаар үзүүлэв).

-Таны “UBS” телевизэд өгсөн ярилцлагаас сонсоход өнөөдөр Японд тухайлбал Фукишимагийн орчимд байдал сайнгүй байгаа юм аа даа.

-Тиймээ, тэнд байдал тун хүнд байгаа шүү. /“DAYS JAPAN”  №8 сэтгүүл дээр тавигдсан нийтлэл болон газрын зураг үзүүлэн тайлбарлав/. Энэ орчимд хоёр сая гаруй хүн амьдардаг юм.  Чернобылийн ослын үед хуучин ЗХУ-ын засгийн газар бүх хүмүүсийг осол болсон газраас хүчээр нүүлгэн шилжүүлж байсан. Харин манай Японд өнөөдөр энэ олон хүнийг цацрагийн идэвхшилтэй бүсээс нүүлгэн шилжүүлэх үнэхээр боломжгүй гэж засгийн газар үзэж байгаа бололтой.. 12 сая хүнтэй Токиогийн дүүрэг ч цацрагт идэвхт бодисд хордож эхэлж байгааг иргэд ойлгосон. Цөмийн эрчим хүчийг ашиглахдаа ямар ч аюул, хөнөөлгүй технологи хэрэглэж байгаа талаар бидний  тархийг засгийн газар олон жил угаасандаа.   Гэтэл саяын ослын дараа Фукушимагийн энэ 1, 2-р станцад 1973 оноос буюу байгуулагдаж эхэлсэн өдрөөсөө эхлэн 140 гаруй удаа осол доголдол гарч байсан талаар энэ нийтлэлд он цагийн дарааллаар нь нийтэд гаргаж тавьсныг та харж байна.  Тэнд одоо ажиллаж буй хэдэн робот цацрагийн тархалтын зураг авах ажил л хийж чадаж байна. Өөр ямар ч ажил үүрэг хийх чадваргүй байгаа  учраас ослын газар очиж ажиллах хүн хүчний шаардлага өнөөдөр тун өндөр байна.  Өдөрт 15-хан минут ажиллуулаад 20000 иен /300 гаруй гаруй мянган төгрөг/   өгье гэсэн ч ажиллах хүн ховор байна.    Одоо хоног хугацаа өнгөрөх тусам цацрагт идэвхт бодис тархсан бүсэд амьдарч байгаа хүмүүсийн дунд ямар өвчин үүсэж эхлэхийг  хэн тааж мэдэх юм бэ. Тэр тусмаа ирээдүйн үр хүүхдүүдийн маань хувь заяа тун бүрхэг. Ийм нөхцөл байдлыг цөмийн энерги ашиглалтаараа тэргүүлдэг гэгдэх Америкийн технологиор  баригдсан АЦСтанцад гарсан ноцтой аюул Япон улсад үүсгэчихээд байхад Монголын зарим улс төрчид Америк, Японтой хамтран цөмийн хаягдал булшлах байгууламжийг Монголд барих талаар ярьж  байгааг сонсоод би үнэхээр гайхаж байна 

-Танай Япон улс АЦСтанцаас гарч байгаа хаягдлынхаа асуудлыг ер нь яаж шийдсэн байдаг вэ?

-Японд одоохондоо хоёр газар цөмийн хаягдлыг  хадгалах агуулах  туршилтын журмаар баригдаж байгаа л даа. Гэхдээ үүнийг нь орон нутгийн иргэд маш хүчтэй эсэргүүцэж байгаа учраас засгийн газар одоо нилээд хүнд байдалд орчихоод байна.  

-Монголд уран олборлох, баяжуулах, мөн анхны атомын цахилгаан станцыг 2017 оноос Монголд барьж байгуулах талаар саяхан Улаанбаатарт семинар болж Японы судлаачид сургалт явуулсан талаар та бодвол сонссон байх л даа?

-Тиймээ сонссон, Та бүхэн харин ч үүний эсрэг сургалт сурталчилгаа, хэлэлцүүлгийг олон нийтийн дунд хүчтэй явуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Би Осакагийн их сургуулийн физикч профессоруудтай уулзаж ярилцахад тэд Монголд атомын цахилгаан станц барих ямар ч боломжгүйг дараах байдлаар тайлбарлаж байсан юм.  Нэгдүгээрт,  Японд жилд 2000мм хур тундас ордог хирнээ гадаргын болоод гүний усны нөөц хүрдэггүй учраас нэг АЦС-ийн цөмийн реакторыг байнга хөргөхийн тулд далайгаас секунд тутамд долоон тонн ус шахдаг. Монголд ийм хэмжээний усны нөөц байхгүй.  Хоёрдугаарт физикчид  АЦС-ыг “нойлгүй орон сууц” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл станцаас гарах цөмийн хаягдлын асуудлыг цөмийн энергийн салбарынхан одоо хүртэл шийдэж чадаагүй тууж яваа.  Дэлхийн ураны нөөцийг өнөөдрийн хэмжээнд ашиглахад 100 жил хүрэхгүй  нөөцтэй юм билээ. Гэтэл Финляндын “Онкало” гэдэг газар баригдаж байгаа том зооринд хадгалах  цөмийн хаягдал 100 мянган жилийн дараа аюулгүй болно гэж эрдэмтэд тооцож энэ талаар баримтат кино хийснийг Японд үзүүлж байсан. Боломжтой бол “100.000 жилийн дараах аюулгүй байдал” гэсэн энэ киног та олж үзээрэй. 
 
 -Цөмийн хаягдлыг Монголд булшлах нууц гэрээ хэлцлийн талаар манай хэвлэлүүд энэ зунжин шуугицгаалаа. Таны зүгээс хамгийн сүүлийн үеийн мэдээ болгоод дуулгачихаар зүйл байна уу?

 Японы гадаад хэргийн сайд Мацүмото өнгөрсөн 7 сарын 23-ний өдөр зохион байгуулагдсан Монгол-Япон хоёр улсын албан ёсны дипломат уулзалтын талаар саяхан өгүүлэхдээ “Монгол улсын  хууль тогтоомжийн дагуу цөмийн хаягдлыг байршуулах, өөрөөр хэлбэл цөмийн хаягдлыг гадаад орноос өөрийн орны нутаг дэвсгэрт авах асуудал хүндрэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн” гэж дурьдаж байсан.
 Цөмийн станц барих, хаягдлыг Монголд булшлах асуудлыг сөхөж тавиад байгаа хүмүүсд би энэ дашрамд хандан “Энэ бол ирээдүйн Монголчуудын хувь заяаны асуудал шүү, өнөөдрийн Японы эмгэнэл Монголд хэзээ ч давтагдах ёсгүй” гэж дахин хэлмээр байна.  Монголын өргөн уудам тал нутагт нар хангалттай тусч байна, салхи өдөр бүр үлээж байна. Сэргээгдэх эрчим хүчний энэ нөөцөө зөв ашиглах юм бол Монголын цөөхөн хүн амд хангалттай юм биш үү. Мөн газрын доор нь хэдэн арван тэрбум тонн нүүрс байгаа гэсэн. Технологи, дэд бүтэц хөгжөөгүй, дээр нь усны нөөц муутай энэ оронд яагаад заавал хэдэн зуу, бүр мянган жилээр үхэл таригч ураныг олборлох, ашиглах, тэр тусмаа хаягдлыг нь Монголд булшлахаар улайран хөөцөлдөж байгаагийн цаад учрыг би одоо хүртэл ойлгохгүй байна.
Ш.Пүрэвсүрэн