Wednesday, April 18, 2012

Монголын мэдээлэл, харилцаа холбоо ХАРИЙН ХЯНАЛТАД БАЙНА

Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжил бидэнд шинэ шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ шинэ аюулыг ч бий болгож байна. Ялангуяа мэдээллийн аюулгүй байдал дэлхийн улс орнуудын санааг зовоосон асуудал боллоо. Тэгвэл манай улсын хувьд мэдээллийн аюулгүй байдал ямар хэмжээнд байна вэ. Бид энэ эмзэг орон зайг хэрхэн хамгаалан сэргийлж байна вэ гэдэг тулгамдсан асуудал болоод байгааг шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас ч харж болно.
Ер нь мэдээллийн аюулгүй байдлыг Монголд ярьдаг ганц хүн нь доктор н.Халтар болжээ. Харин Ерөнхийлөгч, түүний тэргүүлдэг ҮАБЗ, Засгийн газар, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тагнуулын байгууллага хаана байна вэ?
Манай улсын цахим мэдээллийн болон холбооны орон зайд үйл ажиллагаагаа явуулдаг үүрэн телефон, интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Mobinet, Skytel, Unitel, G-Mobile, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Micom зэрэг компани БНХАУ-ын ZTE, Huawei компанийн мэдээллийн техник технологи, программ хангамжийг тус тус бүрэн хэмжээгээр ашиглаж байна.
Менежментийн хувьд БНСУ-ын компани хувьчлан үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын цахилгаан холбоо” компани хүртэл дээрх хоёр компанийн төхөөрөмжүүдээр үйл ажиллагаа явуулж байна. БНХАУ-ын ZTE, Huawei корпораци нь 2004 онд Монголд төлөөлөгчийн газраа байгуулж, үүрэн телефоны оператор Skytel компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэгвэл энэ ZTE гэж чухам хэн юм бэ. БНХАУ-ын Сансар огторгуйн технологи үйлдвэрлэлийн яам, “Chung Cheng”, “Yunxing” компани хамтран “Zhongxing Telecom”  ZTE корпорацийг 1985 онд байгуулжээ.
Тус корпорацийн өмчийн 51 хувь нь төрийн мэдлийнх бөгөөд тэр дундаа Хятадын цэргийн байгууллагаас үүдэлтэй юм. Гэтэл олон улсын хэмжээнд тус корпорацийг мэдээллийн техник технологи, программ хангамжийн худалдаа үйлчилгээний бизнес эрхлэхээс гадна төрийн болон бусад субьектийн захиалгаар тагнах, яриа чагнах чиглэлээр өндөр мэргэшсэн гэж үздэг байна.
Энэ талаар сэжиг хардлага дагуулсан мэдээ байнга цацагдаж байдгийн хэсэгхэн жишээ гэхэд л ZTЕ компанийн Энэтхэгт нийлүүлсэн цахилгаан холбооны төхөөрөмжид нууцаар мэдээлэл дамжуулах бичил төхөөрөмж суурилуулсан байсан гэж Энэтхэгийн тагнуулын байгууллага сэжиглэснээс үүдэн тус улсын Засгийн газар HUAWEI болон ZTЕ компаниас нэг сарын дотор тодорхой мэдээлэл гаргаж өгөхийг шаардсан байна.
Энэтхэгийн Засгийн газар өөрийн үүрэн холбооны операторуудад ZTE, HUAWEI болон Хятадын бусад үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг импортлохгүй байхыг албан ёсоор сануулж байв. Huawei компани 2009 онд Англи, Австрали улсын үндэсний мэдээлэл, харилцаа, холбооны сүлжээнд суурилуулсан төхөөрөмжүүд нь мэдээллийн аюулгүй байдалд занал учруулж байгаа талаар тус улсуудын Тагнуулын алба мэдэгдэж байсан.
Хэдэн жилийн өмнө Филиппиний Үндэсний их баг таамжийн сүлжээ хэмээх төсөлтэй холбоотой их хэмжээний авлигын хэрэг илэрсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь ZTE ком пани шалгарсан байжээ. ZTE компани Филиппиний Ерөнхийл өгч Ароёг өөрийн талд татан Филиппиний парламен тын даргад авлига өгч дээрх тендерт шалгарсан нь илэрсний улмаас Филиппиний сөрөг хүчний шаардлагаар тендерийг хүчингүй болгон парламентын дарга нь албан тушаалаасаа огцорсон юм.
Филиппиний тал ч Хятадын талд байдлыг мэдэгдэж байсан байна. HUAWEI компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах тусгай төхөөрөмж илэрсэн бөгөөд иймэрхүү сэрдлэгэд үндэслэн Энэтхэг, Гаити улсад СDМА сүлжээ байгуулах төсөлд HUAWEI ялсан ч мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар дээрх орнуудын Засгийн газар гэрээгээ цуцалж байсан баримт бий.
Гэтэл манай оронд эсрэгээр үйл ажиллагаа өрнөж ZTE корпораци Засгийн газар, төрийн байгууллагуудад дүрст хурлын систем, “Монголын цахилгаан холбоо” ХК-д интернэт, МШХХТГ-т хот доторх болон олон улсын яриаг хянах “Softswitch” систем суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн нь ZTE корпораци төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, хүмүүсийн хэл яриа, дүрс бичлэгийг хуулж авах бүрэн боломжтой байна гэсэн хэрэг юм.
Үүнээс гадна манай улсын төрийн байгууллагууд ZTEгийн 450MHZ-ийн антеннуудаар холбогддог. Энэхүү антенн болон ZTE корпорациас нийлүүлж буй техник тоног техеөрөмжийг үүрэн телефоны оператор Unitel, G-Mobile компани ашиглаж, одоогоор 470 мянга орчим хэрэглэгчдэд үйлчилж байгаа нь Хятадын талаас хүсвэл бизнесийн өрсөлдөгч байгууллагуудын талаар ямар ч мэдээлэл олж авах боломжтой.
Сүүлийн үед мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр хоёр тал тохирсон байдаг. Гэтэл төслийг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын дөрвөн компанийн дунд хаалттай зарласан тендерт өнөөх л ZTE компани ялсан байна. Гэтэл манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа тус корпорацид татварын байгууллагаас шалгалт хийж 15.8 сая ам.долларын орлогоо татвараас нуусан зөрчлийг нь илрүүлсэн ч 103.8 мянган төгрөгийн торгууль бичээд л чимээгүй өнгөрсөн байх юм.
Уг корпораци Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газраас 2008 онд зарласан “Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн тоног төхөөрөмж нийл үүлэх, суурилуулах” (ТН-03/08) тендерт оролцож, өрсөлдөгч компаниуд 600.000 гаруй ам.долларын бага үнийн санал өгсөн ч нөгөө л ZТЕ компани хүчээр ялсан гэдэг. Дээр нь БНХАУ-аас манай улсад 40 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг шинэчлэх” төслийн тендерт оролцож байна.
Ингэж манай улсын мэдээлэл, холбооны салбарт нэг улсад үйлдвэрлэсэн, тэр бүү хэл, ганцхан компанийн төхөөрөмжийг хэт хяналтгүй ашигласнаас мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл нүүрлэжээ. Хэрэв уг төсөлд дээрх компаниуд ажиллах тохиолдолд энэхүү сүлжээгээр дамжиж буй мэдээллийг Хятадын талаас дундаас нь авах, эсвэл сүлжээг бүхлээр нь буюу хэсэгчлэн ажилгүй болгох боломжтой, нөгөө талаар энэ бүхнээс сэрэмжлэх, хамгаалах боломж, чадавхи манайд байхгүй байна.
Эцэст нь хараат байдалд хангалттай ороод байгаа мэдээлэл, харилцаа холбооны салбараа аврах уу, эсвэл бүрэн хараат болгох эсэхийг ард түмнээс сонгогдсон эрхэм түшээд ухаалгаар шийднэ гэдэгт найдах л үлдэж байна.
Х.Элбэг /zugeer/