Wednesday, September 26, 2012

ТАЛЫН ХӨХ ЧОНОНД БИ ХАЙРТАЙ

Хорин зууны тэртээгээс шившиж тавьсан сум
Холын цэнхэр хязгаараас над руу харвасан од
Гунигт хар нүднээсээ оч үсэргэн цоо ширтэх
Гурамсан сур шиг хөвчирсөн
Талын хөх чононд би хайртай.

Бөмбөр шиг нижигнэх морин туурай тачигнаж
Бөөн хар үүл мэт үхэл нөмрөн айсуйд
Амь онилсон сум амьсгал тоолон нэхэхэд
Амьдралаас сугаран сунаж аглаг тайгад сураггүй шингэх
Аяа, даанч тэнгэрлэг
Талын хөх чононд би хайртай.

Шаналсан сэтгэлээ тас хазан
ганцаардал руу зулрах эрх чөлөө
Шархалсан зүрхээ зөвхөн
нулимсаараа л долоож илааршуулах бардамнал
Чивчирсэн судсаар нь монгол гал буцлан урсах
Чинэрсэн халуун дөл
Талын хөх чононд би хайртай.

Хэнгэрэгийн дуу ертөнцийн анирыг цочооход
Хээрийн чоно гэрэлт үүлэнд хувилахуй
Мөрөөдлийн дуу-шидэт улианд чинь ховсдуулж
Мөнх тэнгэрийн дайдад хамтдаа живнээ,
Талын хөх чоно минь

No comments: