Friday, January 05, 2007

Халимаг түмэн эх нутагтаа зорьсон гунигт түүх

Хөөх... анх удаа comment бичигдсэн байхыг хараад сэтгэл баясч бушуухан нөгөө амласан зүйлээ оруулахаар шийдлээ. Өөрөө өөртөө бичээд байгаа ч юм шиг, нэг л тиймэрхүү санагдаад байсан одоо бол урас зориг орж байх шиг :) Баярласан шүү найзаа.

------------------------------------

1771 онд Орос ороныг хатан хаан Катарина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.

Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: " та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров.

Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.

Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан, уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх.

Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.

Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.

Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.

Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ.

Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. тэр өдөрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.

Зүүн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.

Козакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.

Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.

Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.

Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.

Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.

Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагши түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Козак тэргүүтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагийг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.

Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу ес дүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв.

Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав. Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ.

Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж чаддагийг харуулах бөлгөө.

18 comments:

Galaarid said...

Хөөрхий, хөх монголын үр сад бид чинь ямар ч их зовлон туулж, ямар ч их тэвчээр зааж өнөөдрийг хүргээв дээ? Хазаар монгол, халимаг монгол, дээд монгол... гээд л мөн ч олон гунигтай түүх байх юм даа. Ингэхэд энэ маань хэн гээч зохиолчийн бүтээл вэ?

chono said...

eh survalj ni yag hen geech hunii hezee bichseniig ni sain medehguin bnaa.. bi hen negnees ni mail-r avaad l hadgaltsan baisan yum.

mgljin said...

hi,nvdend haragdtal bichsen zorigt ard tvmnii tvvh,setgeld mini shingetel yangalah hugjimtei hamt nylims mini dyslav.Ene ayaiig bi yrid ni ih olon ydaa sonsoj bsan bolovch henii yamar nerteig ni medehgvi,hervee chi meddeg bol helj uguurei,tegeed uuruu 3 dvvtei ailin tom gesen bsan,ene ayan deer neg goe shvleg bicheed eejdee vnsvvlj byi hvvgiin zyragtai zahidaliig bichsen ter zalyy bish biz?ter shvlgen deer 4hvvhedtei eejiin tyhai bsan bolohoor asyysan uym,chinii blog ih taalagdsan bolohoor baingiin zochin chini baih bnoo.

Anonymous said...

YOSTOI SETGEL KHUDULCHIKHLUU.
KINO KHIIVEL TASARKHAI KINO KHIIJ BOLKHOOR YUM BNA

Anonymous said...

Ойрад Монгол Манжид эзлэгдсэний дараа Манжийн Энх-Амгалан хаан зарлиг буулгаж баруун Монголын хэдэн зуун мянган өрхийг Хятадын гүн рүү нүүлгэж хүчийг сарниулсан юм гэдэг. Тэр нүүдэл бас л хэцүү нүүдэл байсан гэдэг шүү. Манж, хятад цэргүүд нүүдлийн ая даахгүй хөгшин хөвөө, хүүхэд багачуудыг шууд л алаад хаячихдаг байсан юм гэнэ лээ.

Anonymous said...

1 жилийн ємнєєс Монгол ороноосоо авгай авахгvй гэсэн бодолтой болсон.Харин хойшоо оросруу явж Халимаг ч юмуу ер нь л Монгол цустай эхнэртэй болно доо.Одоогийн Монгол ороны охид гэж ай хєєрхий...

hardware_csms said...

uneheer saihan bichjee.
Gants neg hun ch gsen iluu unshaasai gej bodson uchiraas uuriin blog deeree zuvshuurul avalgui tavsand hultsel ochie.

Anonymous said...

Нийтлэлийг уншлаа. Халимагууд чинь угаасаа Монгол хүмүүс. Тэндээс нэг сайхан эхнэртэй болох бодолтой байна. Дээр бичсэн залууг дэмжиж байна. Одоогийн манай Монгол охид ч дээ хүнээ байсан.

Anonymous said...

Ай халаг. Монгол орноо нэгтгэцгээе

odubayar said...

энэ нийтлэлийг уншаад нулимасаа барьж чадсангүй ээ мөн хорсол зэвүүцэл маш ихээр төрлөө. ээ хөөрхий бид ямар их үнэ цэнээр өнөөдөрийг хүрээ вэ. хэзээ Монгол хүн бүхэн нэгэн тугийн доор нэгдэн эх орондоо эзний хувиар амьдрах юм болдоо. үүний төлөө тэмцэцгээе залуусаа. бидэнд суу билэгт цэцэн цэлмэг баатарлаг өвөг дээсийн минь хүч байгаа. хөх мөнх тэнгэр Монгол түмнийг үеийн үед ургийн урагт ивээн тэтгэх болтугай.

Anonymous said...

Iim uildelbolson gej bodhod itgehed ch hetsuu yum. Gehdee mongol humuus bid nar negdeh heregtei. Nudend haragdtal bichsen bna

Anonymous said...

Манжийн туган дор явж халх, ойрдуудыг нударч ирсэн өмнөт монголчууд тэнгэрийн гэсгээлээ хүртсэн. Халимагуудыг тамласан үндэстнүүд тэнгэрийн гэсгээлээ хүртсээр байна.

Segsger said...

Ээ хөөрхий, сэтгэл базалж, өр шимшрээд, нулимсаа барьж ядан уншив. Баярлалаа найзаа, маш сайхан блог байна. Байнга зочилж байнаа. Сайхан юм олныг бичээрэй. Амжилт хүсье андад

Gala-arid Munkhbayar said...

Bi urid neg shinjan hunees sonsoj baisan yag tav taarch baina. Ter hun bi ene nuudliin negen gesen. Amidrah erch huch ugsund bayarlalaa BI MONGOL HUMUN gehed uuruusuu ichiv.

Anonymous said...

Uneheer goyo bichleg bna. Bayarlalaa.
Huchtei baihiin tuld evtei baitsgaaya mongoliin zaluuchuudaa.

Anonymous said...

Теперь вы можете cкачать и смотреть бесплатно фильмы, игры, музыку

[url=http://www.film-book.ru] Этот клик принесет тебе УДАЧУ ![/url]

или http://www.film-book.ru

Anonymous said...

Сайхан бичжээ. Гэхдээ алдаа их байнаа. жишээ нь манжийн хаантай дагаар орий гэж уулзаагүй. Манжид эзлэгдсэн Зүүнгар улсаа сэргээх гэсэн давхар бодолтой нүүсэн. Нүүж ирэхдээ тэнхэлгүй болсон тул манжид дагаар орсон юм. Манж оросууд Монголын талаар муу муухайгаар тэмдэглэж үлдээсэн байдаг гэсэн эхлэл хэсэг нь тэндээс авсан юм болов уу

Anonymous said...

залуучууд сайн байнаа,гэхдээ зөвхөн блогуудаар зочлох биш түүхээ төрөл бүрийн эх сурвалжуудаас сайн судалж байгаарай.Нэг залруулга байна.Дээр дурьдагдсан 2 нүүдэл (Халимагийн,еврей нарын)-нээс гадна хүн төрөлхтөний түүхэнд хамгийн агуу нүүдлээр тэмдэглэгдсэн нүүдэл бол Хүннү нарын нүүдэл байдаг юм шүү.Бас л гунигтай,сургамжтай хэцүү нүүдэл байсан юм билээ.