Tuesday, September 16, 2008

Төрсөн өдөр тэмдэглэх учир

Миний л мэдэхийн төрсөн өдрийн баярыг Орос ах нараас л улбаатай сүүлд гарч ирсэн гэж боддог байлаа. Эмээ өвөөгөөс авахуулаад төрсөн өдөр он сараа мэдэхгүй хүмүүс их байдаг шүү дээ. Гэтэл манай Монголчууд төрсөн өдөр өө тэмдэглэж баярлаж ирсэн байх юм. Чингис хаан " эцгээс үүсэж, эхээс төрсөн өдрөө олж, хүндэлдэн уулзваас дээд хурим чинь энэ буй за!" гэж сургааль айлдаж байсан байна, сонин л юм, юутай ч болгоон соёрхоно уу.

Төрсөн өдөр бол хүний амьдралд жил бүр тохиолддог эрхэм сайхан баяр юм.

“Суут Богд Чингис хаан Чагадай хөвгүүнээсээ хуримын дээд хурим аль вэ?” хэмээн асуухад Чагадай:

“Хуучин он биднээс

Хангирсаж одох хэмээн

Шинэ он бидэнд

Шижирч ирэв” гэж өлзий хутаг хэмээн хариулагдах нь хуримын дээд хурим буй заа хэмээн өгүүлбээс, Чингис тэр бишээ хэмээн: “ Нярайгаас хагацсанд нэр эс өгвөөс, хэвлийгээс унаад гэгээ эс үзвээс хэний шинийг шинэлэх та, хэний нэрийг нэрлэх та. Үүнээс хойшид эцгээс үүсэж, эхээс төрсөн өдрөө олж, хүндэлдэн уулзваас дээд хурим чинь энэ буй за!” хэмээн зарлиг болгосон ажгуу.

Төрсөн өдрийг эрт дээр үеэс эхлэн өвөг дээдэс маань тэмдэглэдэг байсан байна. Мөн Монголын хаад төрсөн өдрийн баярыг их ёслол төгөлдөр тэмдэглэдэг байжээ.

Марко Поло: “Татарчууд төрсөн өдрөө тэмдэглэдэг заншилтай. Татарчууд төрсөн өдрийн баяраа шинэ оноо тэмдэглэж өнгөрүүлдгийн нэгэн адил баярлаж тэмдэглэдэг байжээ” гэж бичсэн байна.

Феодалын нийгмийн харилцаа ноёрхож байсан манай оронд төрсөн өдрийн баярыг чинээлэг айл өрх зөвхөн хүүхдүүдийнхөө 2, 3, 4, 5 насны үед тэмдэглэдэг байжээ.

Хүүхэд гараад тогтдоггүй эсвэл содон мэнгэ толботой, онцлог шинж тэмдэгтэй бол тийм хүүхдийг тэгш ойнд 10, 20 настайд нь тэмдэглэдэг дэг жаягтай байсан гэж нутгийн өвгөд хуучилдаг байв.

Манай улсад 1940-өөд оны эхээс эхлэн гэр бүл, үр хүүхэд, ээж аав, эмээ, өвөөгийнхөө төрсөн өдрийг төр, засаг яамдын сайд, дарга нар тэмдэглэдэг болсон нь тухайн хүмүүс гадаад орноор явж, юм үзэж, нүд тайлж, соёлтой болж байгаагийн бас нэг шинж боловч шинэчлэл өөрчлөлттэй холбоотой юм. 1950-иад он хүртэл төрсөн өдрийн баярыг 2, 3, 4, 5 настай байхад үс даахийг нь авах өдрийг тохируулан тэмдэглэдэг заншил түгээмэл байв. Тэр үед төрсөн өдрийн баярыг гэр бүл, ах дүүгийн хүрээнд сүр дуулиан багатай, их даруухан тэмдэглэдэг байсан. Төрсөн хүүхдийнхээ ойг тэмдэглэхдээ эхлээд өвөө эмээ, нагац дараа нь аав, ээж, ах эгч нар нь хүүхдийн магнайд сүү түрхэж, “Урт настай удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай эрдэм номтой, эх орон, ард түмэндээ их зүйлийг бүтээдэг иргэн болоорой” гэж ерөөл айлдан мал зааж, чихэр боов, тоглоом зэргээр бэлэг барьдаг байжээ.

Харин 1960-аад оны үеэс төрсөн өдрийн ойг бага балчраас нь эхлэн насан өөд болтол нь жил бүр тэмдэглэн уламжлан иржээ. Одоо үед төрсөн өдрийн ойг тэмдэглэхдээ гэр бүл, ах дүүгийн хүрээнээс хальж байгууллага, анги хамт олон, бас гадаад орны найз нөхөд, танил талын хэмжээнд өргөн хүрээг хамрах болжээ. Энэ бол бас соёл иргэншилд гарч буй дэвшил өөрчлөлт юм.

Насны ойг монголчууд аав ээж, өвөө эмээгийнхээ ойг 70, 80, 90 настайд нь үр хүүхэд ах дүүгийн хүрээнд тэмдэглэж байгаа нь ахмад үеэ хүндэлж тэдний буян заяаг алдаршуулсан сэтгэл санааны дэм үзүүлж байгаагийн илрэл юм. Насны ойг тэмдэглэхдээ урьдчилан урилга, заллага, бэлэг сэлт бэлтгэх зэргээр тухайн ойгоо тэмдэглүүлж байгаа хүнийхээ нас хүйс, гавьяа зүтгэл, эрхэлсэн ажил, амьдрал ахуйтай нь холбон хийдэг болсон нь бас нэг бахархаж тэмдэглэмээр том соёл мөн. Ялангуяа ахмадуудын ойг байгууллага, анги хамт олон, үр хүүхэд нь тэмдэглэхдээ тэр хүний бүтээсэн үйлийг нь алдаршуулдаг болсон нь хойч үе залгамж халаанд ач холбогдолтой болж байна.

Төрсөн өдрийн ялангуяа тэгш ойг тэмдэглэх явдал эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй бөгөөд тухайн нийгмийн өнгө төрхтэй уялдан улам боловсронгуй болж иржээ.

эх сурвалж

No comments: