Tuesday, September 09, 2008

IQ vs EQ

Хүний тархи ер нь ямар боломжтой бол түүний эд эсүүдийн нууц эх үүсвэр юу бол? Оюун санаа бол физикиийн бус энергийн урсгал гэж юу гэсэн үг вэ? Бүдүүвчлэн авч үзвэл шинжлэх ухаан тархийг сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн 2 хэсэгт хуваадаг. Мөн баруун тархи биеийн зүүн хэсгийг зүүн тархи баруун хэсгийг гэж үздэг. Жишээ нь солгой хүнийг баруун тархитан,зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх явдал байдаг.Эхээс төрөхөд тухайн хүний аль нэг тархи нь давамгайлсан хөгжилтэй байдаг. Бидний зарим нь юманд илүү няхуур учир шалтгаантай ханддаг байхад зарим нь аливаа зүйлийг ерөнхийлэн төсөөлж хийсвэрлэн хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл аливаа асуудалд баруун ба зүүн тархитнууд өөр өөр өнцгөөс ханддаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь өөрийн өвөрмөц давуу талуудтай бөгөөд бие биесээ нөхсөн шинж чанартай байдаг. Цэцэн мэргэн улсуудын хувьд бол баруун зүүн тархийг жигд хөгжүүлсэн тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцох боломжийг дээд зэргээр ашигласан байдаг.Баруун зүүн тархитны ялгааг бага зэрэг нарийвчлахын (Үүнээс нарийн ангилал байдаг) тулд тархины онцлогуудыг авч үзье?

1.Индукц ба ДедукцЗүүн тархитан тусгайгаас ерөнхий боловсруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл нэгж баримтуудад илүү анхаарч түүнийг цуглуулах замаар эцсийн оюун дүгнэлт хийдэг.Баруун тархитан ерөнхийгээс тусгайд боловсруулалт хийдэг. Эхлээд ерөнхий дүр зурагт тулгуурлан оюун дүгнэлтээ хийчихдэг бөгөөд нэгж баримтуудад ач холбогдол бага өгдөг.Нэгэн жишээ:Хэсэг нөхөд суугаад улс төр ярьж байлаа. Нэг нөхөр улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийг /ДНБ/ харьцуулан шижилгээ хийгээд л Монгол энд тэнд явж байна гээд ярьж өгч байна. Тэрээр тоо баримтуудыг тун сайн цээжээр мэдэж байна аа. Дүн шинжилгээг ч гаргуун хийж байна.Гэтэл маргаанд оролцогч нэгэн гэнэт ДНБ гэж юу вэ? түүнийг яаж тооцдог вэ? гэж гэнэт түүнээс асуулаа. Нөгөө баруун тархитан мань таг болж орхих нь тэр. Харин асуусан найз маань тэр их тоо баримтыг цээжээр мэдэхгүй ч тооцооллын аргачлал,ерөнхий зүй тогтлыг тун сайн итгэлтэйгээр тайлбарлаж байлаа.

2. Дараалсан ба Санамсаргүй боловсруулалт.Зүүн тархи боловсруулалтыг дэс дараалсан байдлаар цэгцтэй хийдэг.Баруун тархи асуудлыг дэс дараалсан байдлаар авч үзэхгүй хэсэгчлэн тасдаж санамсаргүй боловсруулалт хийдэг. Би заримдаа юм уншиж байгаад зарим үгийн эхний үсгийг хараад л буруу уншчихсан тохиолдол элбэг байдаг. Хэрэв би зүүн тархитан байсан бол ийм алдаа хийхгүй нь лавтай.

3.Хийсвэрлэлт ба Мэдэрч сэтгэх.Зүүн тархи нь хийсвэр сэтгэхүй шаардсан үйлдэл гүйцэтгэдэг. Баруун тархи болж харж,сонсох гэх мэт мэдрэхүйн эрхтэн шаардсан боловсруулалт хийдэг.Нэгэн жишээ:Манай нэг найз тоондоо тун гаргуун. Тэрээр Монголын математикийн олимпиадуудад тун амжилттай оролцож байсан. Гэвч тэрээр бусдыг мэдэрч ойлгох,хүрээлэн байгаа орчинд юу болж байгаа талаар төсөөлөхдөө жаахан маруухан. Гэтэл бас нэгэн найз маань хийсвэрлэн сэтгэх,урьдчилан тооцоо хийхдээ маруухан боловч хүнтэй харьцах юмны арга эвийг олохдоо тун сайн.

4. Учир шалтгаан ба зөн совинБид логиктой сэтгэх гэж ярьдаг. Зүүн тархитны эрхэмлэдэг зүйл нь логик байхад баруун тархитных сэтгэл хөдлөл байдаг. Ихэнх эрдэмтэн судлаачид зүүн тархитан , улс төрчид менежерүүд баруун тархитан байх нь практикт элбэг тохиолддог. Яг энэ талаар Германд ажиллаж байгаа физикийн доктор Монгол залуу сонирхолтой нийтлэл бичсэн санагдаж байна.

5. Бодит байдал ба төсөөлөлЗүүн тархитнууд бодит баримтанд тулгуурладаг бол баруун тархитнууд фантазид хөтлөгдөх нь элбэг. Жишээ нь байгалийн шинжлэлийн эрдэмтэн, баруун тархитан найзтайгаа түүх ярьж байхыг сонсож суулаа. Эрдэмтэн байсхийгээд л баримт нотолгоо нь хаана байна гэж асууна. Тэгэхэд найз нь тэр номон дээр тэгж бичсэн байна лээ гээд л ярихад эрдэмтэн маань тэгвэл тэр номны эх сурвалж нь хаана байна гээд л үл итгэсэн байдлаар дахин дахин асууж байлаа. Гэтээл нөгөө найз нь ярьж байгаа юмныхаа уран гоё санаа дүгнэлтэнд ач холбогдол өгөхөөс баримтын үнэн зөв ээсэхийг магадлахаас залхуурч байлаа.Ер нь хүний тархины нууц нь үл тайлагдам оньсого бөгөөд олон үеийн турш эрдэмтэн мэргэдийн соинрхлыг татсаар ирсэн юм.


Сүүлийн жилүүдэд хүний оюуны чадварыг ойролцоогоор хэмжих төрөл бүрийн тест аргачлалууд нэвтэрч байна. Хүний баруун тархины чадварыг Ий Киү (EQ-Emotional Quotient) гэдэг итгэлцүүрээр, зүүн тархины чадварыг Ай Киү (IQ-Intelligent Quotient) гэдэг итгэлцүүрээр хэмжиж байна. Зүүн ба баруун тархи нь хоорондоо байнга мэдээлэл солилцож байдаг. Энэ солилцох хурд хурдан үр дүнтэй байх тусам оюуны чадвар өндөрсөнө гэж үздэг. Зүүн баруун тархины хөгжлийн балансыг бариулахад бясалгал гэх мэтийн маш олон арга хэрэглэдэг бололтой.Алдарт менежер Ли Якокка “Менежерийн Замнал” номондоо ”Амжилтын үндэс бол маш их мэдээлэл боловсруулахад биш. Би чухал шийдвэр гаргахдаа зөн билэгтээ итгэх тохиолдол маш олон байдаг” гэжээ. Мөн тэрбумтан Доналд Трамп “Баялагт хүрэх зам” номондоо “Би хүнтэй ярьж эхлээд тэр хүний амнаас гарсан эхний 10 үгийг нь сонсоод л дараах 40 үг нь ямар болохыг зөнгөөрөө хэлж чаддаг гэжээ”. Эдгээр жишээ нь дээрх хүмүүс баруун зүүн тархиндаа ижил ач холбогдол өгч байгааг харуулж байна.Дайны дараахан АНУ-д хүний оюун ухааныг Ай Киү буюу зүүн тархины хөгжлөөр хэмжиж ажилд авахдаа хүртэл гол шалгуур болгож байсан. Гэтэл практик дээр Ай Киү багатай боловч оюуны чадвар өндөртэй хүнээс илүү амжилт гаргасан хүмүүс гарч ирсэн. Энэ нь тархины маш олон чадварын зөвхөн зарим хэсгийг Ай Киү тестээр тодорхойлон хэмжиж болдгийг харуулсан. Харвадын их сургуулийн профессор Даниел Күүлмэний (Daniel Coleman) Emotional Intelligence гэдэг ном 1995 онд гарч оюуны хөгжлийг хэмжих зарчмын хандлагыг өөрчлөхөд хүргэсэн. Ер нь энэ эрдэмтний баруун тархиы хөгжлийн талаар хэд хэдэн бүтээл бичсэний лав л 2 нь “Нью Иорк Таймс” ын хамгийн хурдан гүйлгээтэй номонд орсныг санаж байна. Энэ эрдэмтэн Далай ламтай хийсэн ярилцлагаараа сэдэвлэсэн Эерэг мэдрэмж (Healing Emotion ) гэдэг соинирхолтой ном бичсэн байна лээ.Дээрх номнуудын гол санаа юу байв? Ер нь хүмүүсийн харилцаанд сэтгэлийн хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Амьдрал дээр өөрийн сэтгэл хөдлөлөө амжилттай удирдах бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь дан ганц мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхээс дутуугүй үүрэгтэй гэдгийг харуулсан.Дэлхийд алдартай сургууль төгссөн хүмүүсийн төгссөний дараах хөдөлмөрийн замналыг хөөн судалж дүгнэлт гаргасан байсан нь маш сонирхолтой байв. Ээм Ай Ти ( MIT) -г 2 инженер төгсчээ. Нэг нь мэргэжлийн хувьд нэг номер. Гэхдээ бусдыг жаахан басамжилсан биеэ тоосон зантай. Хүн болгон түүнийг алт шиг толгойтой гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. 2 дахь нь мэргэжлийн хувьд дунд зэрэг гэхдээ хүнийг мэдэрч ойлгохдоо маш сайн байв. Сургууль төгсөнгүүт эхний залууг том компаниуд булаацалдаад авсан нь ойлгомжтой. 2 дахь залуу маань 1 дэх тэй харьцуулахад тийм ч сайн ажил олсонгүй. Тэгээд энэ 2-н ажлын замналыг судалж үзэхэд 10 жилиийн дараа 2 дахь залуу маань мөнгө,албан тушаал,сэтгэл ханамжийн хувьд нэг дэхээсээ хол түрүүлсэн байлаа. Монгол дээр орчуулагдсан “Баян аав ядуу аав” гэдэг ном бас иймэрхүү санаа илэрхийлдэг. Өөрөөр хэлвэл дан онц сураад л, өөрийгөө болон бусдыг ойлгох чадвараа хөгжүүлэхгүй бол орчин үед тийм ч амжилттай байж чадахгүй гэдгийг өгүүлжээ. Саяхан GOOGLE -н худалдаж авсан www.youtube.com гэдэг вэбийг үнлэслэсэн залуучууд тийм ч гялалзсан онц сурлагатнууд байгаагүй бололтой.Сэтгэлийн хөдөлгөөний ач холбогдлыг анхлан нээж хүлээн зөвшөөрөгдсөн доктор Күүлмэний онолд суурилсан сургалт тестүүд АНУ-д нэлээд дэлгэрсэн бололтой. Зарим компаниуд ажлын байран дахь сэтгэлийн хөдөлгөөн хичнээн чухал болохыг ойлгож шинээр ажилтан авахдаа тухайн хүнийг дан ганц академик бус өөр өнцгөөс харж эхэлж байна. Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой. Тархины нууц тайлагдах хэмжээгээр түүнийг хөгжүүлэх арга тестүүд боловсронгуй болох биз ээ. Монголд оюуны хөгжил, хүмүүн капиталын талаар нэлээд ярьдаг болсон өнөө үед дан ганц Ай Киү( IQ) биш Ий Киү (EQ) -н талаар сургалт судалгаа явуулдаг байгууллага байгаа болов уу?

Эх сурвалж

1 comment:

Anonymous said...

Ih saihan niitlel bichjee bayarlalaa. 2 tarhiniihaa medeelel soliltsoh hurdiig ihesgeh arguudiin talaar sonirholtoi zuil bval bicheerei